ХААН Банк 130 сая ам.долларын ногоон санхүүжилт татлаа
ХААН Банк Монгол Улсад ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 130 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-тай байгууллаа. Санхүүжилтийн гэрээнд талууд гарын үсэг зурсан нь ХААН Банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан түүхэн үйл явдал бөгөөд Монгол Улсын санхүүгийн байгууллагад тус банкнаас олгож буй анхны санхүүжилт гэдгээрээ онцлог юм.
Энэхүү хамтарсан санхүүжилтийг удирдан зохион байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) 80 сая ам.доллар, үндсэн зээлдүүлэгчээр хамтран оролцож буй БНСУ-ын хөгжлийн банк (KDB) 20 сая ам.доллар, мөн Азийн бүс нутгийн хоёр банк хамтран 30 сая ам.долларын санхүүжилт тус тус олгож буй. Төгрөг, ам.доллар хосолсон валютын бүтэцтэй, 5 жилийн хугацаатай уг хамтарсан санхүүжилтийн 50 сая ам.доллартай тэнцэх хэсгийг ХААН Банк үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр татан төвлөрүүлж буйгаараа мөн онцлог юм.
ХААН Банк сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, бохирдлоос сэргийлэх болон бууруулах үйл ажиллагаа, усны менежмент, хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа, ногоон тээвэр зэрэг ногоон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд энэхүү эх үүсвэрийг зарцуулах юм. Тус хамтын ажиллагаагаар дамжуулан ХААН Банк орон даяар байрлах салбар нэгжүүд, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Ким-Си Лим “Ногоон санхүүжилт нь ойрын арван жилийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулахын зэрэгцээ дэлхий даяарх улс орнуудын иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой. Байгаль орчны тогтвортой байдал, жендэрийн тэгш оролцоог дэмжих чиглэлээр олон жилийн турш манлайлан ажиллаж ирсэн ХААН Банктай анхны санхүүжилтийн гэрээ байгуулж байгаадаа бид баяртай байна” хэмээн гэрээнд гарын үсэг зурах үеэрээ хэллээ.
Түүнчлэн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй 10 орны нэг тул уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэн даруй арга хэмжээ авах нь чухал болоод байна. Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг бодит үр дүнд хүргэхэд банк, санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ хүрээнд ХААН Банк нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) болон БНСУ-ын хөгжлийн банк (KDB)-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Бид хамтдаа нэгдмэл зорилгодоо тулгуурлан Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодитой, урт хугацааны үр өгөөж бий болгохын төлөө ажиллах болно” хэмээн онцоллоо.
Энэхүү санхүүжилт нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж буйн зэрэгцээ Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг амлалт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих ач холбогдолтой юм.
Санхүүжилтийн хэлцлийн тухай нэмэлт мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-ны тухай
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) нь тогтвортой байдлыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгож, “Ирээдүйн дэд бүтэц”-ийг санхүүжүүлэх зорилготой олон талт хөгжлийн банк юм. 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяар 111 гишүүн орон нэгдсэн, 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай, олон улсын томоохон зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудаас “AAA” зэрэглэл тогтоолгосон санхүүгийн байгууллага билээ. AIIB нь олон улсын түнш байгууллагуудтай хамтран тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн харилцан уялдаа, холбоог сайжруулах дэд бүтэц болон эдийн засгийн үр өгөөжтэй бусад салбарын төслүүдийг санхүүжүүлдэг.
AIIB-ийн Төслийн нөлөөлөлд өртсөн иргэдийн гомдлыг шийдвэрлэх механизм (Project-affected People’s Mechanism буюу “PPM“) нь энэхүү санхүүжилтэд дараах байдлаар хэрэгжинэ. Байгаль орчин, нийгмийн бодлого (ESP) хэрэгжүүлээгүйн улмаас сөрөг нөлөөлөлд өртсөн эсвэл өртөж болзошгүй гэж үзэж буй төслийн нөлөөлөлд өртсөн иргэдийн гаргасан гомдлыг хараат бус, шударга байдлаар хянан шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор AIIB-аас PPM-ийг байгуулсан байна. Энэхүү механизмыг тухайн иргэдийн асуудлыг төсөл эсвэл дэд төслийн түвшний гомдол барагдуулах механизм (GRM) эсвэл AIIB-ийн Удирдлагын гомдол, асуудал шийдвэрлэх үйл явцын хүрээнд хангалттай шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэгжүүлдэг. PPM-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ХААН Банкны тухай
ХААН Банк нь 1991 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын хамгийн том арилжааны банк бөгөөд нийт хүн амын 84 орчим хувьд хүрч ажилладаг. ХААН Банк нь орон даяар хамгийн өргөн салбар нэгжийн сүлжээ, өргөжин тэлж буй цахим банкны сувгуудаараа дамжуулан иргэд, байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банк санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг. ХААН Банк нь 2023 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч байгууллагууд болох Moody’s Ratings агентлагаас “B1”, Fitch Ratings агентлагаас “B+” зээлжих зэрэглэлтэй.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

