Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр санхүүжүүлэхээр болох гэж буйг эсэргүүцсэн жагсаал Прага хотод боллоо
Чех улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх төлөвлөгөөг эсэргүүцэн жагсаал Ням гарагт Прага хотод зохион байгуулагдахад олон мянган хүн оролцжээ.
Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгааг жагсагчид буруутгасан байна.
Тэд олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийг айл өрхүүдээс авдаг хураамжаар бус, улсын төсвөөс олгодог болох тухай хуулийн төслийг татан авахыг шаарджээ.
Бямба гарагийн шөнө дунд болсон ховор санал хураалтаар Чехийн парламентын доод танхим уг хуулийн төслийг түргэвчилсэн журмаар хэлэлцэхийг дэмжсэн нь иргэдийг бухимдуулсан юм.
Эрх баригч эвслийн гишүүд энэ асуудлыг яаралтай горимоор оруулж ирснээр сөрөг хүчнийхэнд санал хураалтын өмнө мэтгэлцэх боломжийг хязгаарласан байна.
Тэрбумтан, ерөнхий сайд Андрей Бабишаар удирдуулсан, хэт барууны үзэл баримтлалтай хоёр намыг багтаасан эрх баригч эвслээс санаачилсан уг хуулийн төсөл нь хууль болон хэрэгжихийн тулд парламентын дээд танхимаар батлагдах шаардлагатай.
Сөрөг хүчнийхэн уг хуулийн төслийг Үндсэн Хуулийн Шүүхэд өгч, эсэргүүцэхээ мэдэгджээ. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилт ирэх оноос эхлэн ойролцоогоор 15 хувиар буурах төлөвтэй байна.
Прага хотын хуучин хотын талбайд болсон жагсаалын үеэр оролцогчид "Бидэнд хангалттай", "Үүнийг батлуулж болохгүй", мөн парламент хуулийн төслийг баталсан цагийг илэрхийлсэн "4:36" тоотой уриа барьсан байв.
Бабиш энэ төлөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдалд халдсан хэрэг биш, харин санхүүжилтийн ил тод байдалтай холбоотой асуудал гэж тайлбарлажээ.
Харин шүүмжлэгчид энэхүү өөрчлөлтийг эрх баригчдад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа авах боломж олгоно гэж анхааруулж байна.
Тэд үүнийг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, Словакийн ерөнхий сайд Роберт Фико нарын тэргүүлдэг популист засгийн газруудын үйлдэлтэй зүйрлэжээ.
Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украинд үзүүлэх дэмжлэгийг бууруулах зорилго бүхий Бабиш болон түүний эвсэл өмнө нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү дайрч байсан түүхтэй.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ажил хаялт зарлахаа мэдэгдэж, тэднийг үйлдвэрчний эвлэлүүд, их сургуулиуд, сүм хийдүүд, олон улсын байгууллагууд дэмжихээ илэрхийлжээ.
Дараагийн эсэргүүцлийн жагсаалыг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр буюу 40 гаруй жил тогтсон коммунист дэглэмийг түлхэн унагасан 1989 оны хөдөлгөөний ойг тохиолдуулан Прага хотын Летна цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

