Обама Трампыг “Цагаан ордонд бялууны дэлгүүр нээсэн Саддам Хусейн”-тэй зүйрлэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох завсрын сонгуулийн өмнө Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжих зорилгоор Охайо мужид болсон цуглаанд оролцохдоо өөрийн залгамжлагч Дональд Трампыг хурцаар шүүмжилжээ.

Кливлэнд хотод үг хэлэхдээ Обама "Орчин үеийн түүхэнд урьд өмнө үзэгдээгүй эмх замбараагүй байдал, харгислал, авлига, чадваргүй байдал үргэлжилсэн хоёр жилийн дараа та бүхэнд 'Одоо хангалттай' гэж хэлэх боломж ирлээ. Бид яг энд, Охайо мужид өөрчлөлтийн төлөө саналаа өгөх гэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Ардчилсан Намын гишүүн, 65 настай Обама сонгогчдын санааг хамгийн их зовоосон асуудал болоод байгаа шатахууны үнийн огцом өсөлт, амьжиргааны өндөр өртөгт Трампын засаг захиргааг буруутгажээ.

"Одоогийн ерөнхийлөгч хэд хэдэн буруу шийдвэр гаргасан. Хамгийн гол нь тэр хэний ч хүсээгүй, шаардлагагүй дайныг эхлүүлсэн" гэж Обама хэлсэн байна.

Тэрбээр ерөнхийлөгч иргэдийн амьжиргааны зардлыг бууруулахын оронд Цагаан ордонд шинэ хүлээн авалтын танхим бариулж, хашаанд нь нисдэг тэрэгний буудал байгуулахад анхаарлаа хандуулсныг дурдав.

"Та бүхэн анзаарсан эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ тэр барилга байшин засварлах ажилд л хэт их анхаараад байх шиг байна. Тэр HGTV (гэрийн засвар, тохижилтын теле суваг)-ээр л гарах хэрэгтэй юм" хэмээн Обама хошигножээ. Тэрбээр цааш нь "Хаа сайгүй алтлаг эд зүйлс харагдаж байна. Тэр Цагаан ордныг яг л Саддам Хусейн 'Cheesecake Factory' (бялууны сүлжээ) нээчихсэн юм шиг харагдуулж орхилоо" хэмээн шүүмжилсэн байна.

Трамп хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирснийхээ дараа дотоод тохижилтыг эрс өөрчилж, хааны ордон шиг алтлаг өнгийн чимэглэлээр дүүргэсэн юм.

Обама мөн сонгогчдыг аль болох эрт саналаа өгөхийг уриалахдаа "Хойшлуулж хэрэггүй, эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй" гэж хэлжээ.

Учир нь АНУ-ын аж үйлдвэржсэн хойд мужуудад урьдчилсан санал хураалт эхлээд байгаа юм.

Ардчилсан Намын дэмжигчдийн дунд ерөнхийлөгч асан Обама өндөр нэр хүндтэй хэвээр байгаа бөгөөд Конгрессын хяналтыг шийдвэрлэх чухал сонгуульд өөрийн намын нэр дэвшигчдийг дэмжихэд энэ нэр хүндээ ашиглахыг зорьж байна.

Охайо мужид Ардчилсан Намаас сенатор асан Шеррод Браун одоогийн Бүгд Найрамдах намын сенатор Жон Хастедтай өрсөлдөхөөр эргэн ирж байгаа бол мужийн захирагчийн суудлын төлөө Ардчилсан Намын Эми Актон болон 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Бүгд Найрамдах намын Вивек Рамасвами нар өрсөлдөх юм.

Охайо мужийн санал асуулгуудаас харахад дээрх хоёр өрсөлдөөнд Ардчилсан Нам ялимгүй давамгайлж байгаа бөгөөд сонгуулийн үр дүнд тун ойролцоо гарах төлөвтэй байна.

  Кливлэндийн дараа Обама хойшоо чиглэн Мичиган мужид очиж, Ардчилсан Намаас сенатад нэр дэвшигч Абдул Эл-Сайедтай хамт Детройт хотод болох олон нийтийн цуглаанд оролцоно.

Мичиган мужийн Сенатын хоёр суудлыг одоогоор Ардчилсан Нам эзэлж байгаа хэдий ч тус намын зүүний жигүүрийн төлөөлөл болох Эл-Сайед болон Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Майк Рожерс нар тун ойролцоо саналтайгаар өрсөлдөж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP