Ч.Мэндбаяр: Төрийн тамганы хөшөөний суурийг боржин чулуугаар солих ажлыг 11 дүгээр сарын 15-нд дуусгана
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Энэ тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр "Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд Хас буу тамганы хөшөө бий. Уг хөшөөг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан хийсэн юм. 2006 оноос хойш хөшөөг шинэчилж, засварлаагүй.
Хөшөөний суурийн хэсэг их муудаж, их хагарсан. Тамганы суурийг боржин чулуугаар солих ажлыг УБЗАА-наас хяналт тавин энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгахаар ажиллаж байна.
Тамганы хөшөөг бүр буулгаж, өөр тийш зөөвөрлөхгүй" гэлээ.
2006 онд босгосон Монгол төрийн тамганы хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.
Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үеийн болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

