Мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга Олександр Усик Английн BBC телевизэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Дональд Трампыг Украин дахь гэртээ урьжээ.
Лондоны олимпын аварга, мэргэжлийн боксод 23 дараалан ялаад буй О.Усик "Ердөө нэг долоо хоног манай байшинд амьдраад үз. Тэгээд манай улсад юу болж байгааг өөрийн нүдээр харахыг Д.Трампад уриалж байна. Орой бүр миний байшингийн дээгүүр онгоц нисэж, бөмбөг унадаг. Энэ эмгэнэлт явдал өдөр бүр үргэлжилдэг" гэж ярьжээ.
Өдгөө 38 настай боксчин эр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад хандаж, түүнийг ерөнхийлөгчөөр сонговол дайн 24 цагийн дотор дуусна гэсэн амлалтыг нь мөн сануулсан байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээн авснаас хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Украины тэргүүн Володимир Зеленьский хоёртой уулзсан ч Трамп дээрх амлалтаа биелүүлж чадаагүй байгааг боксчин эр онцолсон юм.
В.Усик ирэх долдугаар сарын 19-нд Английн Лондон хотод Их Британийн боксчин Даньел Дубоистой тулалдахаар төлөвлөж буй. Хэдийгээр украин эр бэлтгэлээ Лондонд базааж байгаа ч түүний эхнэр, хоёр охин нь Украин дахь гэртээ амьдардаг болохыг ярилцлагадаа дурдсан байна.
Д.Дубоис түүнийг ялж чадвал мэргэжлийн боксын хүнд жингийн дөрвөн аваргын бүс эзэмших анхны англи боксчин болох боломжтой. Одоогоос 25 жилийн өмнө Леннокс Льюис хүнд жингийн үнэмлэхүй аварга болж байсан ч түүнийг ид үед гурван бүс эзэмших боломжтой байсан юм.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!