Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дээрх ажлын хэсгийн гишүүдийг ширүүхэн шүүмжилсэн. Тухайлбал, "Хотын гудамжаар хүн загнаад яваад байдаг саарал хувцастай коммунист дарга шигээ болчхож та нар. Татвар нэмэхийн оронд жолооны сургалт, дүрэм зөрчдөг, ур чадваргүй жолооч нарт ногдуулдаг хариуцлагыг өөрчлөх зэргээр шийдэл хайх ёстой. Та нараас иргэдээ машинтай байлгая, аз жаргалтай түгжрэлгүй хотод амьдруулъя гэдэг сэтгэл гарахгүй байна" гэх зэргээр ажлын хэсгийн гишүүдийг загнасан.
Гэвч ярианыхаа төгсгөлд "Та нар хэвлэлийнхэнтэй бүгдтэй нь хаалтын гэрээ хийдэг. Та нарыг унгахад чинь хүртэл магтаад сууж байгаа хэвлэлийнхнээр яагаад татвар нэмэх асуудлаа гаргуулдаггүй юм" хэмээн омогдов.
Эрхэм гишүүн нийслэлийн зарим даргыг загнахдаа мэдээлэл дамжуулах үүргээ гүйцэтгээд мөрөөрөө ажиллаж буй хэвлэлийнхнийг "Хаалтын гэрээ хийдэг, даргыг унгахад нь магтдаг" гэж гүтгэлээ. Сонин, сайт, телевизийн сэтгүүлчид нийслэлээс гаргасан шийдвэр, түүний хэрэгжилт болоод эерэг, сөрөг үр дагаврын талаар өдөр тутам мэдээ, сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэж байгаа нь эрхэм гишүүний гүтгэлэгт өгөх бэлэн хариулт биз ээ. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, өчигдөр буюу зургаадугаар сарын 9-нд Тусгаар тогтнолын ордны гадна ТҮЦ эрхлэгч иргэд эсэргүүцлээ илэрхийлэн цугласан. Энэ үеэр ТҮЦ эрхлэгч иргэд болон Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нарын байр суурийг мэдээлж, тухайн үеийг харуулсан фото сурвалжилга нийтэлж байв.
Бусдыг загнах завсраа дундуур нь хавчуулсан хэвлэлийнхэнтэйгээ Д.Цогтбаатар гишүүн таарамж муутай байгаа. Учир нь шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч Д.Цогтбаатар гишүүн ял эдлэх хугацаагаа хойшлуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргаж, түүний хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авахгүй боломжгүй гэдэг хариулт аваад байгаа. Ийнхүү гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татахаас өөр гарцгүй болоод буй.
Энэ бүхнийг сэтгүүлчид нийтэд мэдээлж, хуулиа сахин биелүүлэхийг хууль тогтоогчдоос шаардсаар байгаа нь эрхэм гишүүний эгдүүцлийг төрүүлсэн бололтой.
Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдон шүүхээс шийтгэгдсэн Д.Цогтбаатарын хэргийн талаар
Д.Цогтбаатар нь 2016-2020 оны хугацаанд Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард түүний энэ үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон.
2024 оны арванхоёрдугаар сард хуралдсан Улсын дээд шүүхийн тогтоолд "Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв” гэжээ. Харин түүнийг буруутгасан “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!