Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн талаар албаны эх сурвалжаас мэдээлсэн юм.
Үүнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэд өнгөрсөн сараас эхэлж тус шийдвэрийг эсэргүүцэн удаа дараа жагсаал зохион байгуулсаар байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадна хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж жагслаа. Энэ үеэр хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Сүхбаатар дүүргийн засаг даргын хамт жагсагчидтай уулзаж, зөвшөөрөлгүй жагссан тул тарахыг шаардав.
Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "ТҮЦ эрхлэгч нар худалдааны төв дээр эхнээсээ ажил үйлчилгээгээ хийгээд явж байна. Зөвшөөрөл аваагүй байж улс төржүүлж, Улаанбаатар хотын үйлчилгээний асуудлыг намын асуудалтай хольж байна. Ингэж ёс зүйгүй аашилж болохгүй. Нийслэл хотын асуудлыг намын байрны гадна жагсаж, улс төржүүллээ" гэв.
Үүний хариуд жагсагчид "Огцрох амархан жагсаал 22 өдөр жагсахдаа зөвшөөрөл аваагүй. Бид үзэл бодлоо илэрхийлсний төлөө яагаад хөөгдөх ёстой юм бэ. Хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж жагссаны төлөө зөвшөөрөл аваагүй гэж албадан буулгаж байна" хэмээн эсэргүүцэл илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!