Уншиж байна ...

Италийн Флоренц хотын үзэмжийг гутааж байсан өргөгч цамхгийг 20 жилийн дараа буулгахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Италийн үзэсгэлэнт хотуудын нэг Флоренцын төвд бараг 20 жилийн турш сүндэрлэж байсан өргөгч цамхгийг буулгахаар болжээ.

“Төмөр мангас” хэмээн адлагдаж байсан энэ цамхгийг сэргэн мандалтын үеийн гайхамшигт бүтээлүүдээрээ алдартай Уффици галерейн өргөтгөлийн ажлын эхний шатанд хүнд материалуудыг өргөх зорилгоор 2006 онд босгож байсан юм.

Гэвч 60 гаруй метр өндөр уг цамхгийн хэрэгцээ багассаар сүүлдээ ашиглагдахаа больсон ч буулгаж чадалгүй олон жил болжээ.

Цамхгийг буулгахад их зардалтай, уг зардлыг хэн гаргах нь тодорхойгүй байсаар ингэж удсан байна. Нэг үгээр хэлбэл энэ цамхаг Италийн төрийн байгууллагуудын хүнд суртлын бэлгэдэл болоод байв.

Гэвч Уффици галерейн захирал Симон Вердегийн уриалгаар хотын зарим бизнес эрхлэгчид зардлыг хамтран гаргахаар болжээ. Үүний үр дүнд Флоренцын үзэмжийг гутааж байсан өргөгч цамхгийг буулгах ажил зургаадугаар сарын 16-нд эхэлж, 21-нд дуусахаар төлөвлөгдсөн байна.

Уг арга хэмжээний хаалтын ёслолд Италийн соёлын сайд Алессандро Жюли оролцохоор болжээ.

“Флоренц хот энэ мөчийг удаан хүлээсэн. Металл мангасыг устгаснаар Флоренцын нүд гялбам гоо үзэсгэлэн эцэст нь буцаж сэргэхээр болж байна” гэж галерейн захирал Верде хэлсэн байна.

Нийт 180,000 еврогийн зардал гарах ба үүнд бас өргөгч цамхгийг илүү орчин үеийн өргөгч техникээр сольж, өргөтгөлийн ажлыг хотын гоо үзэмжийг алдагдуулахгүйгээр дуусгахад шаардлагатай зардал багтаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press