Канадын цагдаа нар эргээс тасарсан мөсөн дээр хөвж явсан 23 хүнийг нисдэг тэргээр аварчээ
Өнгөрсөн Ням гарагийн үд дунд Хурон нуурын эрэг дээр загасчилж байсан 23 хүн эргээс тасарсан томоохон мөстэй цуг урссаныг Канадын Онтарио мужийн цагдаагийн албаныхан аварчээ.
Салхинд туугдсан аварга мөс эргээс хоёр километр орчим зайд холдсоны дараа аврах ажиллагаа эхэлсэн байна.
Аврах ажиллагаанд хоёр нисдэг тэрэг оролцож, олон ээлжээр хүмүүсийг эрэг рүү зөөжээ. Энэ үеэр мөс нэмэгдэн хагарч, дээр нь байгаа хүмүүсийг аврахад улам хэцүү болж байсан гэнэ.
Урссан хүмүүсийн нэг GPS төхөөрөмж нь хөдөлгөөн зааж эхлэхийг хараад дээр нь байгаа мөс эргээс тасран холдож байгааг анх мэджээ.
Айж сандарсан хүмүүсийн зарим нь мөсний зузаан хэсгийг хайж гүйх үеэрээ хүйтэн усанд унасан байна.
“Бид мөсний нөгөө үзүүр рүү гүйсэн ч бас эргээс салсан байсан. Буцаад нөгөө тийш гүйхэд мөс хагарч эхэлсэн” гэж аврагдсан загасчдын нэг Кэвин Фокс сошиал хуудсандаа бичжээ.
Амьд үлдэх магадлал багасаж байгааг ойлгосон тэд ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогдож эхэлсэн байна.
“Хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж байхдаа уйлж буй насанд хүрсэн эрчүүдийг харсан нь миний хувьд хэзээ ч мартагдахгүй аймшигтай зүйл байлаа” гэж тэр бичжээ.
Аврагдсан хүмүүсийн зарим нь биеийн дулаанаа алдаж, осгосон тул эмнэлэгт хүргэсэн байна.
“Маш сайн багийн ажиллагаа, оролцсон хүмүүсийн түргэн шуурхай арга хэмжээний үр дүнд бүх хүмүүсийг амжилттай аварлаа” гэж Онтарио мужийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Вермонт мужийн эрх баригчид бас Шамплэйн нууран дээр тэшүүрээр гулгаж байгаад хагарсан мөстэй хамт урссан хүмүүсийг аварч байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
