"Хүүхэд гаргасан бол хүмүүжүүлэх ёстой. Эцэг эх нь мөнгө чухал гэж явсны ард ийм үйлдэл гарч байна"
Ахлах ангийн сурагчид нэгнийгээ зодож, ёс бусаар хэлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгаж эхлээд буй. Тухайн хэрэгт хэд хэдэн сургуулийн сурагч холбогдсон байх магадлалтай байгаа юм.
Үүний нэг нь нийслэлийн 130 дугаар сургууль юм. Тус сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлт гарсан анхны тохиолдол энэ биш бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа зөрчил гарч байсныг эцэг эхчүүд хэлж байна. Тус сургуулийн сурагч үе тэнгийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт холбогдсон тул эцэг эхчүүд сургуулийн гадна цуглаж, өмнөх тохиолдлуудад ямар арга хэмжээ авсныг, цаашид сургуулийн удирдлага хэрхэн энэ тал дээр анхаарч ажиллах вэ гэдэг хариулт шаардан цуглаад байна.
Энэ үеэр сургууль дээрээ байхдаа зодуулж, бэртсэн хүүгийн аав сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ариун цэврийн өрөөнд зодолдож, хүүгийн маань хөл, гарын яс хугарч, хагалгаанд орсон. Ангийн багш, сургуулийн захиргаанаас тоохгүй байгаа. Нийтээр хурал хийгээд дахиж ингэж болохгүй гэх болов уу гэтэл тэгээгүй. Нөхөрлөж буй хүүхдүүд, үзэж харж байгаа Юутүб кино суваг зэргээсээ их юм сурдаг юм болов уу гэж бодсон. Бүх юм нээлттэй болохоор тэр талын мэдлэгээ хурдан олж аваад байна" гэв.
Өөр нэгэн сурагчийн ээж "Хуулийг гууль болгодог хүмүүсийн хүүхдүүд ийм болдог. Ичиж айхаа больсон байна. Ажил хийж мөнгө олбол үр хүүхэд нь аз жаргалтай амьдрах юм шиг бодоод байна, үгүй шүү дээ.
Өөрсдийн хүүхдүүд хүн дээрэлхдэггүй байлаа ч дээрэлхүүлэх магадлал бий. Гэрийн хүмүүжил, эцэг эхээс шалтгаалж байна. Тэр олуулаа байсан байж яагаад нэг нь болиулаагүй юм бэ. Онц сурах, мөнгөтэй байхаас илүү хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Хүүхэд гаргасан бол хүмүүжүүлэх ёстой. Мөнгө чухал гэж явсны ард ийм үйлдэл гарч байгаа. Хүүхдүүд мөнгө их ярьдаг болсон байна. Би тийм орон сууцанд амьдардаг, манай аав тэдэн төгрөг олдог гэнэ. Ээж аав нь тийм юм ярьдаг учраас хүүхдүүд нь тэгж ярьж байгаа. Хүүхэд бол тусгал нь.
Эцэг эх, сургууль, шавь хамтарсан холбоотой байснаар хүн болж хүмүүжнэ. Багш, сургуульд хүүхдээ даатгаж болохгүй. Гурван талаасаа харилцан хамтарч ажилласнаар хүүхэд зөв хүмүүждэг" гэж байв.
Түүнчлэн гурван хүүхдээ уг сургуульд суралцуулж буй ээж "Би тэр хүүхдийг буруутгахаасаа илүү эцэг эх нь ямар хүн байгааг мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Ийм зэрлэг, байж боломгүй үйлдлийн дунд байхад бидний хүүхэд сайхан суралцаж, хүмүүжиж байгаа гэж тайван байж чадах вэ. Манай хүүхэд өнөөдөр дээрэлхүүлээгүй байж болох ч маргааш яахыг хэн ч мэдэхгүй. Тиймээс ил болгоосой гэж хүсэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
