Малайзын эрх баригчид иргэдийнхээ таргалалттай тэмцэхийн тулд фитнес клубүүдийн лицензийн төлбөрийг бууруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зүүн Өмнөд Азийн хамгийн тарган үндэстэн болсон Малайзын эрх баригчид үүнтэй тэмцэхийн тулд нийслэл Куала-Лумпур хотын фитнес клубүүдийн лицензийн төлбөрийг 80 хувиар бууруулах арга хэмжээ авчээ.

Тус хотын клубүүд үйл ажиллагаагаа явуулахын тулд нийт талбайнхаа метр квадрат тутамд жил бүр 50 ринггитийг ($10) төлдөг байсан бол шинэ журмаар 10 ринггит болж буурсан байна.

“Өмнө нь лицензийн төлбөрт жил бүр 5,000 ринггит төлдөг байсан жим операторууд одоо 80 хувиар бага буюу 1,000 ринггит төлдөг болж байна” гэж Малайзын Холбооны Нутаг Дэвсгэрийн сайд Ханна Йео өнгөрсөн долоо хоногт Куала-Лумпур хотын захиргаанд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Уг санаачилга нийслэл хотоос эхэлж, цаашдаа Путражаяа, Лабуан хотуудад нэмж хэрэгжихийг тэр хэлсэн байна.

Гэхдээ энэ нь спа, кафе зэрэг өөр бусад үйлчилгээ үзүүлдэггүй, зөвхөн фитнес клубүүдэд хэрэгжих гэнэ.

“Таргалалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг халдварт бус өвчнүүд хөдөлгөөн бага амьдралын хэв маягтай хот суурин газрын иргэдийн дунд ноцтой хэмжээнд хүрээд байна” гэж сайд хэлжээ.

Малайзын эрх баригчдын 2024 онд явуулсан шим тэжээлийн судалгаагаар тус улсын насанд хүрсэн иргэдийн 23.1 хувь нь тарган, 30.5 хувь нь илүүдэл жинтэй, 52.1 хувь нь хэвлийн таргалалттай ангилалд багтаж байв.

Олон улсын байгууллагуудын 2019 онд нийтэлсэн “Global Nutrition Report” тайланд Малайзын эмэгтэйчүүдийн 20.9 хувь, эрэгтэйчүүдийн 15.9 хувь тарган ангилалд багтаж байжээ.

Харьцуулбал энэ үзүүлэлт Тайландад 15.7 ба 9.3 хувь, Сингапурт 6.9 ба 6.7 хувь, Вьетнамд 3.3 ба 2.2 хувь тус тус байгаа юм.

Гэхдээ фитнес клубүүдийн зардлыг бууруулснаар үйлчлүүлэгчдийн төлбөр багасах баталгаа байхгүй байна.

“Бид тэднээс үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлт үзүүлэхийг шууд шаардаж чадахгүй ч ингэх боломж өгч байна. Үүнийг албадах нь үр дүнд хүрэхгүй” гэж сайд Йео тайлбарлажээ.

Лицензийн төлбөр фитнес клубүүдийн хамгийн том зардал биш болохыг үйл ажиллагаа эрхлэгчид нь хэлж байна.

Тухайлбал Малайзын Биеийн Тамирын Бизнес Эрхлэгчдийн Холбооны ерөнхийлөгч К.Кришнакумарын мэдээлснээр лицензийн төлбөр үйл ажиллагааны нийт зардлын 10-20 хувийг л эзэлдэг бөгөөд түрээс, цахилгаан, цалин хөлс, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ дийлэнх хэсгийг эзэлдэг гэнэ.

“Тиймээс энэ арга хэмжээ бидэнд амьсгал авах боломж л өгч байгаа болохоос олон клуб шинээр нээгдэх шалтгаан болж чадахгүй” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post