"The MongolZ" баг ESL Pro League Season-23 тэмцээний шөвгийн наймд шалгарлаа
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө дөрөвдүгээр тойргийн тоглолтууд явагдаж, шөвгийн наймд оролцох дараагийн гурван багийн нэр тодорлоо.
"The MongolZ" баг Playoffs шатанд өрсөлдөхийн төлөө Францын "3DMAX" багийн эсрэг тоглож, 2:1 тооны харьцаатай ялалт байгууллаа. Уг тоглолтод манай улсын баг өрсөлдөгчийн сонгосон "Dust-2 map" дээр 13:10 онооны харьцаатай хожсон бол өөрсдийн сонгосон "Ancient map" дээр 4:13-аар хожигдсон.
Хоёр багийн тоглолт "Inferno map" дээр шийдвэрлэгдэж, cobrazera болон 910 нарын сайн буудалтын үр дүнд 13:10-аар "The MongolZ" баг өрсөлдөгчөө буулган авлаа. Өчигдрийн тоглолтын шилдгээр Б.Өсөхбаяр буюу 910 тодорсон байна.
Одоогийн байдлаар "ESL Pro League Season 23" тэмцээний шөвгийн наймд тоглох эрхийг Германы "MOUZ", ОХУ-ын "Team Spirit", "The MongolZ", Туркийн "Aurora Gaming", "Legacy" багууд аваад байна. Өнөө орой зургаан багийн тоглолтууд явагдсанаар үлдсэн гурван эрхийн эзэд тодорно.
Шөвгийн найман багийн тоглолтууд энэ сарын 13-15-нд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Ташрамд дурдахад 2026 он гарснаас хойш хоёр томоохон тэмцээний цом өргөөд буй Францын "Team Vitality" баг энэ тэмцээнийг өнжиж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
