ТАНИЛЦ: Сургуулийн эргүүлийн ажиллах журамд оруулах гэж буй өөрчлөлтүүд

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

School police буюу “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д оруулах гэж байгаа өөрчлөлтүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ажлын хэсгээс өнөөдөр танилцуулав.

Тодруулбал журмын 1.3 дахь заалтад:

  • “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэж заасныг “бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно” болгон өөрчлөх

Журмын 2.2 дахь заалтад:

  • Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гарган баталж, эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг.

    Эргүүлийг хичээлийн өглөөний ээлж 07:30-13:30, өдрийн ээлж 13:30-19:30 цагт тус бүр хоёр хүн гаргахаар зохион байгуулдаг байсныг сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, ээлж бүрд гурван хүн ажиллуулах

Журмын 2.3 дахь заалтад:

  • “Сургуулийн эргүүл” нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хоёр эргүүл сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасныг нэг удаад зургаан эцэг эх эргүүлд ажиллах, үүнээс гурван эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гурван эргүүл сургуулийн орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр өөрчлөх зэрэг утга найруулга, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.

Ажлын хэсгийн гишүүд журамд тусгаж байгаа саналуудыг "Хэнд ч хэрэггүй, нэмэлт ажил гэж хүлээж авч шүүмжлэхээсээ илүү миний хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалж байгаа үйл хэрэг гэж ойлгох хэрэгтэй.

Эцэг эхчүүд хэн нэг танихгүй хүнд мөнгө төлж хүүхдийн минь аюулгүй байдлын төлөө сургуулийн цагдаа хийж өгөөч хэмээн мөнгө төлөх, эцэг, эхийн үүргээ ухамсарлаж энэхүү ажилд оролцох хоёр тун ялгаатай" гэв.

Дээрх журмын өөрчлөлтийг НИТХ-ын энэ сарын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

НИТХ-ын зарим төлөөлөгч, Нийслэлийн Боловсролын Газар, ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн Алба, Сурагчдын холбооны удирдлага ажлын хэсэгт багтжээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад School police ажиллуулах журмыг 2015 онд НИТХ-аас баталсан байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба