Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч Мухаммедхуча Ягубов гэж хэн бэ?
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксод хүч үзэж яваа Э.Цэндбаатар энэ жилийн анхны тулаанаа хийх тов тодорлоо. ProBox холбооноос энэ сарын 7-ны өдөр зарласан товоор Э.Цэндбаатар орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гарагт АНУ-ын Нью Жэрси мужийн Брик Сити хотод ээлжит тулаанаа хийх юм.
Манай тамирчин мэргэжлийн боксод хийж буй 14 дэх тулаанаа Тажикистаны боксчин Мухаммедхуча Ягубовтой өрсөлдөнө.
Энэ сарын сүүлээр 31 нас хүрэх тажик эр 10 настайгаасаа хойш боксын спортоор хичээллэж буй. Тэрбээр 2015 оноос хойш мэргэжлийн боксоор хүч үзэх болсон бөгөөд энэ хугацаанд 25 тулаан хийхдээ 23 ялж, нэг хожигдсон үзүүлэлттэй байна.
2018 оноос хойш WBC холбооны олон улсын аваргын бүсийг эзэмшиж байгаа Мухаммед хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кристиан Крузтай 10 үе тоглоод шүүгчдийн саналаар тэнцсэн аж.
Якубовын хувьд WBC холбоондоо чансааны наймд бичигдэж байгаа бол Boxing Rec сайтаас гаргасан чансаагаар 31-д жагсаж буй. Харин манай боксчин Э.Цэндбаатарын хувьд 15-д бичигдэж байна.
Сонирхуулахад энэ өдрийн оргил тулаанаар Токиогийн олимпын аварга, Бразилын Эберт Консейсан болон Венесуэлийн хашир тулаанч Йохан Гонзалес нар хүч үзнэ. Бразилын олимпын аварга эр мэргэжлийн боксод 10 дараалан ялаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
