Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг

зураг
 

“Ж.Батмөнх-100”

Туйлширдаг монголчууд Ю.Цэдэнбалыг санагалзахдаа Ж.Батмөнх гуай руу мөн ч их дайралт гүтгэлэг хийсэн дээ. Харин тэгш тоотой нэгэн зууны ойгоор нь арай ч тэгэхгүй байх гэж итгээд хэдэн мөр тэрлэж байна. Гарчигт би өөрийгөө мандуулчихлаа, хүлцээрэй. Би хэргээр зорьж зүтгээд мөнхжүүлсэн юм биш. Эртэй сайнтай би биччихсэн ч юм биш, хэн нэгэн хүн бичих л байсан байх.  

Намтар–түүх судлалын энэхүү ном бүтээхэд урам өгч, зоригжуулж, бүр араас ямагт шилбүүрдэж ирсэн Баабар маань энэ бүтээлийг 2013 онд надад тулгаж өгөөгүйсэн бол би Жамбын Батмөнх гэдэг тэр түүхэн хүнийг бараг танихгүй, мэдэхгүй чигээрээ дуусах байжээ хэмээн эргэж боддог. Батмөнх гуайн хань А.Дариймаа гуай надад бас том түлхэц өгсөн,  талархсаар явна. Намайг гэртээ хүлээн авч, ном бүтээлээсээ дурсгаж, ярьж хуучилж суусных нь төлөө би баяр талархлын үгсээ харамгүй илэрхийлсэн дээ. Үр хүүхдүүд, ач гуч нарт нь дахин илэрхийлье!

зураг
 

Ном бүтээхэд тусалсан өөр олон нөхдөө нэрлэмээр байвч юуны өмнө хоёр нөхрөө төлөөлүүлэн нэр заана. Германы монгол судлаач эрдэмтэн, МУИС-ийн багш асан Удо Баркманн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш хоёр миний номын багагүй хэсгийг босгож өгсөн. Тэгээд энэ номыг эх барьж авсан НЭПКО хэвлэлийн газар гэж эрдэм–номын буянтай уурхай байна. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал Монголын түүх бичлэгт том хувь нэмрээ оруулсан, оруулж ч байгаа, одоо би хоёр шинэ ном нэмж бичээд тэр цуврал руу оруулахаар ажиллаж байна.

зураг
 

Төгсгөлд нь талархлын үгсээс өөрөөр хоёр мөр, ганц өнцөг буулгая. Москвад, Кремльд Монголын (БНМАУ) улс төрийн хувь заяаг шийддэг байсныг хүлээн зөвшөөрнө. Харин тэр удаа Ж.Батмөнх гэдэг эрхэм дээр яалт ч үгүй оносон, дүн нуруутай, ханатай шийдвэрийг Кремлийнхэн гаргасан байгаа юм. ЗХУКН-ын Төв Хороог түр толгойлж байсан М.С.Горбачёв (К.У.Черненко өвчтэй) Монголын нам-засгийн удирдагч Д.Моломжамц, Т.Paгчaa, Ц.Намсрай нарыг хүлээн авч уулзаад үдэхдээ “Ж.Батмөнх бол сүүлийн 10 жил Танай Сайд нарын Зөвлөлийн даргыг сайн хийсэн удирдах ажлын туршлагатай коммунист гэж санадаг. Та бүхэнд амжилт хүсье!” хэмээн хэлээд Улаанбаатар руу нь буцааж байжээ.

зураг
 

МАХН-ын Төв Хорооны бүгд хурал Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн учир шалтгаанаар нам-төрийн тэргүүний албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг тавих үндэслэлийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо албан ёсоор гаргаж, Төв Хорооны бүгд хурал дээр ч, АИХ-ын чуулган дээр ч ёс төртэй танилцуулж, санал нэгтэйгээр МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон баталжээ. Цэдэнбалыг санагалзагчид энэ сонголтыг  хуйвалдсан, хуйвалдаан байсан гэж олон жил зүтгэсэн. Энэ оны намар “Ю.Цэдэнбал-110” ойгоор дахиад тэр гомдлоо бүү гаргаж тавиарай гэж зөвлөөд “1984 оны тэр үйл явдал бол хуйвалдаан биш. Ж.Батмөнх гуай бол хуйвалдах зан төрхтэй хүн биш. Хэрэв хуйвалдаан байсан гэж үзвэл түүнийг Зөвлөлтийн нам, улсыг аюулаас хамгаалах аппаратаас олон жил бэлтгэж хэрэгжүүлсэн тусгай операц байсан хэмээн би номдоо бүтэн бүлэг гаргаж бичсэн байгаа” гэж хариулъя даа!  

зураг