Цагаа түлх, Ерөнхий сайд аа!
Ингэхэд, та нар яагаад өөрсдийг нь дэмждэг хэсгийг огт тоодоггүй, харин эсэргүүцдэг талынхны аяыг харж явдаг юм бэ? Сүүлдээ, эрх баригчдын хийж буй зөв юмыг нь ч гэсэн дэмжих хэрэг байна уу даа гэж бодогдох боллоо, айн!!!
Цагаа түлх, Ерөнхий сайд аа!
-Цамцаа тайл, хонгор минь... гэлээ гэгчээр "Цаг аа түлх, Ерөнхий сайд аа".
Эрчим хүч тасалдан тог тасалж сандаргасан үед цагныхаа голыг нэгээр нэмж эргүүлээд л улс орныхоо эдийн засагт бүтэн цагийн бүтээмж нэмж боломж таны “бугуйнд” зүүлттэй байна. Өдрийн ихэнх цагийг ажил түгжрэл хоёрт өнгөрөөж, гэртээ зөвхөн унтах гэж л ирдэг Улаанбаатарынхны гэр бүлд бүхэл цагийн чөлөө учрал нэмэх боломж таны өрөөний хананд бэхлээтэй харагдана.
Энд “DST” (Daylight saving time) буюу манайхны хэрэглэж заншсаар “Зуны цагийн хуваарь”-таа эргэж орох тухай ярьж байна. Аль ч утгаараа “Байгалийн гэгээг тултал нь ашиглах” утгатай эл реформ бол “Бидний улс БНМАУ, Таны МАН нам МАХН” байх үед хүн төрөлхтний хөгжлийн алхамд нийцүүлэн хийсэн сайхан шинэчлэлийн нэг.
Бөмбөрцгийн умард хагаст зуны улирал ирснээр өдөр уртсаж, хүмүүн амьтны сэрүүн байх цаг нэмэгддэг билээ.
Буддын ном сонирхон судалдаг хүний ойлголтоор бол, “Эх болсон зургаан зүйл хамаг амьтнаас дээр хөх тэнгэр, дор бараан дэлхий үүдэн тогтсоны завсарт оршдог хэсэг нь эрт босож, орой унтдаг болно” гэсэн үг.
Байгаль дэлхий цагийн хуваариа шинэчлээд хаячихаар өвөлжингөө 07:00-д босож болоод байсан атал 04:00-д нар гарчхаад хэвтэж болохоо байчихдаг.
Хүн төрөлхтөн ажил албаа энэхүү хувиралд зохицуулсаар иржээ. Эхний удаад цагаасаа эрт босож, хуучнаасаа орой унтах гэхчлэнгээр тааруулжээ. Манай өвөг дээдэс бугуйндаа цаггүй ч гэртээ “нарны цаг” буюу байгалийн цагтай байв. Тэр нь “Нар тоононы цамхраанд байхад”, “Нар ханын толгойд тусах”, “Нар ханын элгэнд буух” гэхчлэнгийн “зүү ба тоотой” бөлгөө.
Хонь хариулж яваа хүүхэд тойрог зураад голд нь шилбүүрээ хатган, сүүдэр-зүүгээр нь гэрийн хаана нар байгааг мэднэ. Шинжлэх ухаанд үүнийг Гномон гэх ба МУИС-ийн хичээлийн II байрны булангийн цамхагт саяхныг болтол нэгэн нарны цаг байж л байлаа.
Дэлхийн улс орнууд, хот балгад эхэндээ, өөрийнхөөрөө л зуны цагийн хуваарь зохиогоод аргалж хэсэг явжээ. Гэвч, зам тээвэр, дэд бүтцээр глобальчлагдахын хэрээр нийт дундаа ойлгомжтой цагийн хуваарь гаргах хэрэгтэй болжээ. Ялангуяа төмөр замын тээвэрт цагийн хуваарь ба аюулгүй байдал нэг утгатай болоод ирсэн аж.
Цагийн хуваариа жилд хоёр засахын оронд цагийнхаа зүүг түлхэж, ухраагаад л болчих юм байна гэдэг санаа XVIII зуунаас дуулдаж эхэлсэн гэнэ. Харин ХХ зуунаас жинхэнэ ажил хэрэг болжээ.
Сэтгэл зүйд үзүүлэх нөлөө нь наад зах нь “Ажил хуучнаасаа эрт 8 цагт эхэлнэ” гэж стресстэхийн оронд, “ажил эрт, гэхдээ 9 цагтаа л эхэлнэ” гэж тайван хүлээж авах хоёрын хооронд байх нөлөөнөөс эхэлнэ.
БНМАУ-д, ХХ зууны 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгууллага бүр хоёр янзын цагийн хуваарьтай болсон ба нэгийг нь зун, нөгөөг нь өвөл хэрэглэдэг байв.
Харин 1985 оноос “Зуны цагийн хуваарь”-т улсаараа шилжсэнээр хөгжингүй орнуудын нийтлэг уламжлалыг дагажээ. Шинээр цагийн хуваарь бичиж хадах хэрэг гарахгүй болов. Хавар намрын “өдөр шөнө тэнцэх” заагийг баримжаалан, амралтын өдөр тааруулж, цагаа хөдөлгөнө. Хүмүүс нь нь үүндээ дасан, амьдралынх нь нэгэн хэмнэл болоод “Хүүхдүүд ээ, эртхэн унтаарай. Маргаашаас эхлэн эрт босно”, “Өнөө шөнө цаг ухрах учраас өглөө ханатлаа унтана” гэхчлэн ярьдаг байв.
Зуны цагийн хуваарьт шилжихийг 2000-аад оны зааг хүртэл хэрэглээд, нэг орхиж, эргэж нэг сэргээснээ, буцаажээ. Буцаасан шалтгаан нь хэдэн эмч “цаг шилжүүлэхээр зарим хүний даралт ихсэж байна” гэсэн сонин шалтаг зааж, түүнийг нь Засгийн газар уухайн тас хүлээн авчээ. Тэр эмч нар нь өнөөгийн “вакцин эсэргүүцэгч, сүлжээний эм сурталчлагч” нар биш, жинхэнэ мэргэжлийн эмч нар байсан гээд бодохлоор, тухайн үеийн “ЕС” нь туслахууддаа “иймэрхүү санал гаргах хэдэн эмч олоод ир” л гэсэн биз дээ хэмээн бодогдох.
Хэрвээ цагийн өөрчлөгдөхөөр иргэд нь “харвачих” гээд байдаг сан болж гэм, Европ, Америк орох ч бүр хөг нь өнгөрөөд “Дорнодоос Улаанбаатар орох аминд халтай, нийслэлээс Баян-Өлгий хүрэх насанд цөвтэй” болдог юм байгаа биз дээ? Учир нь Дорнод бүс нийслэлээс нэг цагаар түрүүлж, баруун хязгаар Улаанбаатараас бүтэн цагаас хоцордог шүү дээ.
Иймээс, өдрийн гэрлийг ариглах (DST) зуны цагийн хуваарьтаа шилжээд зогсохгүй, өргөнөөс өргөн, уудмаас уудам нутагтай Монгол улсаа цагийн гурван бүсээр нь албан ёсоор хуваагууштай.
Баянтүмэнгээс Алтай таван Богд орчхоод, энд үдшийн 10 цагт биш 12-д гэгээ тасарна гэдэгт дасаж ядахын оронд, Баруун хязгаарт 10 цаг арай орой болно гэж бодох нь сэтгэл зүйд хялбар. Харин тэнд даралт ихсэж байвал цаг түлхээс бус харин агаарын даралт багассанаас үүдэлтэй гэдгийг дунд сургуулийн хүүхэд хэлээд өгчихнө.
Нөгөө талаас, юухан хээхнээр ч болов бахархах дуртай бидэнд сайхан шалтаг гарна. Ядаж л өнөө хэдэн сая гэдэг билээ жуулчнаа ирэхээр хөтөч нь Ховдод буунгуутаа,
-Хүндэт зочдоо, манай орон уудам нутагтай тул цагийн өөр бүсэд ирлээ. Иймээс цагаа түлхэнэ үү. Харин Халх голд очоод хоёроор ухраахаа мартуузай гэхчлэн пээдийхэд таашаалтай бус уу?
(Харин, зэвсэгт хүчний анги салбарууд цагийн бүсээс үл хамааран Улаанбаатарын цагаар явдаг байсан нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах онцлогтой холбоотой юм билээ)
Ерөнхий сайд аа, Та цагаа түлхчихвэл өчүүхэн зардалгүйгээр, МАН-ынхаа ХХ зуунд хийсэн зөв зүйтэй шинэчлэлийн нэгийг сануулан сэргээсэн гавьяатан болно.
Улмаар, эрчим хүчний хомсдолтой өнөө үед байгалийн гэрлийг түлхүү ашиглан бүтээмж нэмэх бололцоо олгоно. Ядарсан эдийн засагт чинь амь тээх дэм өгнө.
Түүнчлэн, замын түгжрэлд хамаг цагаа бараад, ар гэртээ зөвхөн унтах боломжтойгоор харьдаг нийслэлийн иргэддээ том бэлэг барина. Нийслэлчүүд ажил эрт тараад, харьцангуй эрт харьж, гэртээ байх цаг нь нэмэгдэнэ. Тэр хэрээр халуун бүлээрээ хамт байх цаг уртсаж айл гэрийн аж жаргал дүүрэн болно. Үр хүүхдийнхээ хүмүүжил, хичээл сургуульд нөлөөлөх боломжийг ч хэлээд яах вэ?
Ямар ч Ерөнхий сайд, Засгийн газрын эхлүүлсэн ажлын үр шимийг дараа дараагийнх нь хүртэж, ургацыг нь хураан магтуулдаг уламжлалтай. Өнөөгийн Засгийн газрыг ч тийм л хувь заяа хүлээж байгаа. Угаасаа тэгдэг юмыг ч яалтай билээ?
Харин Зуны тоололд шилжүүлсэн тохиолдолд өөр. Тэр Ерөнхий сайд “Зуны тоололд буцаан шилжүүлсэн” гэж ярьсаар үлдэнэ.
За яах вэ, эсэргүүцчихмээр дэл сул юм хайж явдаг, хэдэн “поп” нарт, хэл ам татлах жаахан шалтаг гарна л биз?
Ингэхэд, та нар яагаад өөрсдийг нь дэмждэг хэсгийг огт тоодоггүй, харин эсэргүүцдэг талынхны аяыг харж явдаг юм бэ?
Сүүлдээ, эрх баригчдын хийж буй зөв юмыг нь ч гэсэн дэмжих хэрэг байна уу даа гэж бодогдох боллоо, айн!!!
Нийтлэлч: Цэнддоо (baabar.mn)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
