Австрали улс Ираны эмэгтэй хөлбөмбөгийн зарим тамирчдад улс төрийн орогнол олголоо
Австралийн засгийн газар нутаг дэвсгэрт нь зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцсон Ираны эмэгтэй хөлбөмбөгийн багийн зарим тоглогчдод улс төрийн орогнол олгосноо өчигдөр зарлажээ.
Тэд тоглолтын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан нь эх орондоо буцаж очоод шийтгүүлэх шалтгаан болж болзошгүй гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргаснаа Австралийн дотоод хэргийн сайд Тони Бурк тайлбарласан байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Азийн Цомын төлөө тэмцээний үеэр Тегераны харгис дэглэмийг эсэргүүцсэн таван тамирчин Ираны төрийн дууллыг дуулахаас татгалзаж байв.
Тэд Австралийн Гоулд Кост дахь зочид буудлаасаа шөнө оргож, аюулгүй газарт нуугдсаны дараа улс төрийн орогнол хүссэн гэнэ.
“Тэднийг Австралийн цагдаа нар аюулгүй газарт шилжүүлсэн. Өнгөрсөн шөнө би тэдний хүмүүнлэгийн визийн өргөдлийг баталгаажуулсан. Австрали улс тэдэнд үлдэхийг зөвшөөрч, гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байна” гэж Бурк сэтгүүлчдэд мэдээлжээ.
Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эдгээр тамирчдын асуудлаар Австралийн ерөнхий сайд Энтони Албанизтай утсаар ярьснаа мэдээлж байв.
“Ираны эмэгтэй хөл бөмбөгчдийн асуудлаар би дөнгөж сая Австралийн ерөнхий сайд Энтони Албанизтай ярилцлаа. Тэр үүнийг шийдвэрлэж байгаа. Таван хүнийг анхааралдаа авсан” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Тэрбээр цааш нь бичихдээ “Зарим нь ардаа үлдсэн гэр бүлийнхэндээ санаа зовж байгаа тул буцахаар болж байна. Хэрвээ буцахгүй бол тэдний гэр бүлд аюул тулгарна” гэсэн байна.
Даваа гарагт АНУ-д амьдардаг Ираны шах агсны хүү Реза Пахлави төрийн дууллыг эсэргүүцсэн тамирчдыг хамгаалалтдаа авахыг Австралийн эрх баригчдад уриалсан юм.
Улс төрчид, хүний эрхийн байгууллагууд ижил уриалга гаргаж байсны дотор “Харри Поттер” номын зохиолч Ж.К.Роулинг байжээ.
“Эдгээр залуу эмэгтэйчүүдийг хамгаалахыг гуйж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байв.
Өмнөд Солонгосын багтай хийх тоглолтын өмнө төрийн дуулал эгшиглэхэд хөдөлгөөнгүй зогсож байсан тамирчдаа Ираны төв телевиз “дайны үеийн урвагчид” гэж цоллож байлаа.
Гэхдээ тэд дараагийн тоглолтуудын эхэнд төрийн дууллаа дуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Өнгөрсөн амралтын өдөр Ираны баг сүүлчийн тоглолтоо хийхэд Гоулд Кост стадионд цугларсан хөгжөөн дэмжигчид Ираны дэглэмийг өөрчлөхийг уриалан уухайлж байв.
Тоглолтын дараа тэд Ираны багийн автобусыг тойрон хүрээлээд “охидыг явуул” хэмээн хашхирч байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
