ИЗНН-ын дарга Б.Батбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн бол намын гишүүд нь түүнийг огцруулж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгов

А.Ням-Өлзий, iKon.mn
29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намынхан өчигдөр /2026.03.09/ хоёр газар хэвлэлийн хурал зарлав. Нэг талд намын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар намынхаа 26 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар театрт зарласан бол тус намын тэргүүн дэд дарга С.Батбаатар Авлигатай Тэмцэх Газарт даргаа шалгуулахаар хандсан бөгөөд “Новотел” зочид буудалд намынхаа онц их хурлыг зарлан хуралдуулсан юм.

Намын дарга Б.Батбаатар ойн арга хэмжээнийхээ үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн бол онц их хурлаа хуралдуулсан нөгөө талынхан Б.Батбаатарыг намын даргаар ажиллах чадамжгүй гэж үзэн огцруулж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг шинэ даргаараа сонгов.

Ийнхүү УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН-ынхан толхилцож, хоёр даргатай боллоо.

ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар “Бид намын дарга асан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын талаар АТГ-т гомдол гаргаж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улс төрийн намын тухай хуулиар намууд 2025 оны арванхоёрдугаар сарыг 31-ний дотор намын дүрмээ шинэчилж, бүтэц буюу намын даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гэтэл УДШ ИЗНН-ын дүрмийг бүртгэлгүй дөрвөн удаа буцаасан. Тиймээс ИЗНН одоогоор намын дүрэмгүй, даргагүй байна.

ИЗНН Г.Занданшатарын Засгийн газарт албан ёсоор орж ажиллаж байгаа. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар 52 хоногийн хугацаанд хоёр тэрбум төгрөгөөр гадагшаа томилолтод явсан байна. Бразил улс руу явахдаа танилцуулгад 60 сая, хоёр талын уулзалтын зардалд 70 сая төгрөг, зургаан видео шторк 10 сая төгрөг, Кени улс руу явахдаа мөн л 5 видео шторк 15 сая төгрөгөөр хийлгэсэн байх жишээтэй.

Төсвийн хэмнэлтийг тухай хуулийг зөрчсөн гэж үзээд бид энэ бүхнийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа юм.

Мөн парламентад суудалтай улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгож байгаа. ИЗНН-д 2025 оны тавдугаар сард 455 сая төгрөг олгосон. Долдугаар сард нь намын хурал болоход төрөөс мөнгө олгоогүй гээд сууж байсан. Энэ санхүүжилтийг ахмад настан, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, сургалт сурталчилгаанд зарцуулна гэдэг хуультай. Гэтэл намын хагас жилийн тайланд 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардал гэсэн байна. Улс төрийн намд юу бэлтгэн нийлүүлсэн болохыг гайхаж байна. Мөн 123 сая төгрөгийг банкнаас зээл авсан гээд 287 сая төгрөгөөр зээл төлсөн гэсэн байгаа. Энэ мэт асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан.

Намын дүрмээ УДШ-д бүртгүүлэхээр хандсан ч дөрвөн удаа буцаасныг дээр хэлсэн. Яагаад буцаагаад байна гэхээр намын дарга өөрийгөө батламжилна гэж дүрэмд оруулсан. Гэтэл шүүхээс намын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах гэдэг заалт байх ёстой гэж буцааж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байдаг. Гэтэл үүнийгээ засахгүй удаа дараа явуулж байсан. 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрмээ шинэчилж, даргаа бүртгүүлээгүй учир одоо ИЗНН даргагүй гэж үзээд байгаа юм.

Тиймээс бид намын онц их хурал зарлах шаардлагатай болоод байна” гэв.

"Новотел" зочид буудалд болсон ИЗНН-ын онц их хурал. Тус хурлаас намын дарга Б.Батбаатарыг огцруулж, түүний оронд УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон юм. 

Харин нөгөө талд ИЗНН-ын дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Манай намын гишүүд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН оролцох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхээ ярилцаад эхэлсэн. Намын даргын хувьд нэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эгнээнд байх нь зүйтэй гэж хэлж байгаа. Гишүүдээс тавьж байгаа хариуцлагын хүрээнд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн байна" гэсэн юм.