100 хувь цахилгаанаар ажиллах трамвайг нэвтрүүлснээр 250 гаруй ажлын байр бий болно гэж тооцоолжээ
Цахилгаан эрчим хүчээр ажилладаг, нийтийн тээврийн нэг төрөл трамвайг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр болж хоёрдугаар буюу Яармагаас Сүхбаатарын талбай хүртэлх замыг энэ жил барьж эхлэхэд ₮350 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулахаар батлаад буй.
Харин Улаанбаатар хот трамвайтай болсноор нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ.
Тодруулбал нэгдүгээр замын дагуу 115, хоёрдугаар замын дагуу 135 ажлын байр гарах гэнэ.
Трамвай ашиглалтад орсноор оргил цагийн үед нэгдүгээр замаар 6,509, хоёрдугаар замаар 6,989 хүн зорчих боломжтой бөгөөд энэ нь замын хөдөлгөөний урсгалыг илүү зохион байгуулалттай болгож, түгжрэлийг сааруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мельбурн, Праг, Истанбул зэрэг дэлхийн олон хот трамвайг тээврийн гол хэрэгсэл болгон амжилттай ашиглаж байна хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс сурталчлав.
Үр дүнг хэзээ үзэх нь тодорхойгүй уг төсөлд 2.7 их наяд төгрөг зарцуулахыг зарим хүн эсэргүүцэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
