Гурван жилийн хугацаанд буюу 2025-2028 онд “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэл трамвай явуулна гэж нийслэлийн хэвлэлээс мэдээлээд буй.
Өнөөдрийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг Зам тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөл, Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, мөн тус яамны Хөгжлийн төвөөр магадлуулжээ.
Трамвай нь 100 хувь цахилгаан, аюулгүйн ажиллагааны системээр замын тэмдэг болон гэрлэн дохиог автоматаар мэдэрч, жолоодлого хийхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд аюулыг мэдэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослоос зайлсхийх боломжтой байна.
Харин цахилгаан хангамжийн хувьд 600-750V DC-/direct current/ хүчдэлийн цахилгаан ашигладаг бөгөөд Улаанбаатар трамвай төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглах нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой гэж үзэж ТЭЗҮ-д тусгажээ.
Дохиоллын систем нь трамвайны хөдөлгөөнийг замын уулзвар болон автомашины урсгалтай уялдаж зохицуулдаг байна. Өөрөөр хэлбэл трамвай уулзварт ойртох үед гэрлэн дохио өөрчлөгдөж, трамвай нь ногоон гэрлээр давуу эрхтэй хөдөлгөөнд оролцдог систем юм гэж танилцуулаад буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!