Улаанбаатар трамвай төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын схем, хэрэгжүүлэх бизнес загваруудыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох талуудад өнөөдөр танилцуулав. Ингэснээр тус төслийг бодитой хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ.
"Трамвай төслийг энэ оны долоодугаар сард мэргэжлийн байгууллагууд баталсан. Энэ долоо хоногийн Баасан гарагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр трамвай төслийн хэрэгжүүлэх тендерийг зарлана.
Нэгдүгээр шугам буюу Сүхбаатарын талбайгаас Зунжин худалдааны төв хүртэл трамвайны 16 зогсоолтой болж, одоо явж байгаа 139 автобусны хөдөлгөөнийг зогсооно. Автобусаар 4,200 иргэн зорчдог бол 21-22км/цагийн хурдтай трамвайгаар 6,500 иргэн зорчино. Трамвайгаар зорчиход Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зарцуулна.
Хоёрдугаар шугам болох Степп Арена-Сүхбаатарын талбай чиглэлд трамвайны 23 зогсоол байгуулж, 18 трамвай зорчино. Төсөл хэрэгжсэнээр Яармаг чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, 5 минут тутамд эргэлдэх трамвайгаар 7,000 орчим иргэн зорчино. Степп Аренагаас Сүхбаатарын талбай руу 36 минутад очно.
Энхтайвны зүүн талд шинэ гүүр барьж, трамвай явуулна. Яармагийн хувьд газар чөлөөлөлт багатай, ногоон байгууламжийг хөндөхгүй, хажуугаар нь трамвай явуулна.
Нэг трамвай нь гурван секцтэй, хөдлөх бүрэлдэхүүн 250 хүний багтаамжтай.
10 га газар дээр депо байгуулах бөгөөд засвар үйлчилгээний төвтэй байна.
Трамвайг ховилтой төмөр замаар явуулах бол Яармагт зүлгэн хучилттай замыг сонгосон. Төмөр зам нь 1,435мм-ийн царигтай. Трамвайд 700 метрийн зайнаас явган хүн, автомашин ойртоход автоматаар зогсоно.
100 хувь цахилгаанаар явдаг тул трамвай нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ. Төслийг хэрэгжүүлснээр түгжрэлийн асуудлыг шийдэж чадна" хэмээн төслийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцуулсан юм.
Хотын дарга Х.Нямбаатар: Трамвайны хоёр шугамын ТЭЗҮ дуусаж байгаа. Хоёрдугаар шугам буюу Степп Аренагаас Сүхбаатарын талбай хүртэлх трамвайны замын зардал нэгдүгээр шугамынхаас 80 орчим сая.доллароор их байгаа. Шалтгаан нь Энхтайвны гүүр трамвайны хөдлөх бүрэлдэхүүнийг даахгүй гэсэн тооцоо гарсан. Энхтайвны гүүрний зүүн талаар зөвхөн трамвай зорчих гүүр барихаар болж, өртөг өндөр болсон юм.
Трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тендерийг энэ долоо хоногт зарлана.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр оролцох сонирхогч гарахгүй бол ирэх оны хоёрдугаар сард хот өөрөө мөнгө төлөх зарчмаар тендер зарлана. Нэг шугам нь 1.2 их наяд төгрөгийн өртөгтэй тендерийг гаднынханд өгөхгүй, дотоодын зам, барилгын ААН-үүдийг нэгдэж оруулах сонирхолтой байна.
"Трамвайны хоёрдугаар шугамыг барихад газар чөлөөлөлт хийхгүй. Архивын Ерөнхий Газраас замын голын ногоон байгууламжаар явсаар Яармагийн гүүрний голын эгнээгээр зорчиж, 120 мянгатын автобусны буудал дээр нэг зогсож, Энхтайвны гүүрний хажууд баригдах гүүрээр Төв номын сангийн урд талд очно. Буцахдаа явган хүний замын байгууламжтай хэсгээр явж, замдаа нийлнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!