Уншиж байна ...

2.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй трамвай төслийг хэрэгжүүлэхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй нийтийн тээврийн төрөл болох метро, трамвай, дүүжин тээвэр төслийн хоёрдугаар замын талаар хотын захирагч өнөөдөр дараах байдлаар танилцуулав.

  • Нийслэлээс дүүжин тээврийн хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлсэн. Хоёрдугаар шугамыг нийтийн тээвэр бараг явдаггүй, хамгийн их автомашин зорчдог чиглэл болох Маршалын гүүрний зүүн хойд талын талбай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хаалган дээрээс хөдөлж, Имарт дээр зогсоод Шангри Лагийн баруун талд Нацагдоржийн хөшөөний суурин дээр ирэх ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
     
  • БНСУ-ын ЭКСИМ банк болон бусад санхүүгийн байгууллагатай метро төслийн талаар уулзалт зохион байгуулсан. Энэ оны арванхоёрдугаар сард багтаан метрог барих тендерийг EPC+F олон улсын загвараар эцэслэн зарлана.
     
  • Трамвай төслийг гүйцэтгэх тендерийг зарласан, гуравдугаар шатны сонгон шалгаруулалтыг явуулах гэж байна. Трамвай төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Зунжин-Сүхбаатарын талбай, Степпа Арена-Сүхбаатарын талбай чиглэлд явуулахаар болсон.
     
  • Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 18 мега төслөөс 11 нь гараанаас гарсан бол долоог нь даруйхан хөдөлгөнө. Эдгээр төслийг Хөгжлийн зээл, олон улсын санхүүгийн байгууллагуудаас ЭСА үйлчилгээ авах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа юм.

Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг байна.

Олон нийтийн сүлжээнд гараад буй мэдээллийн тухайд "Сүүлийн 10-аад хоног олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гараагүй. Бид чинь өвлийн улиралд том төслүүдээ явуулах тооцоо судалгаа, танилцуулгыг судлах, шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт татах ажлуудыг хийдэг.

Намын их хурал дөхөж байгаатай холбогдуулан "Намайг цус харвасан, нас барах гэж байгаа, ажлаа өгөх гэж байгаа" гэх худал мэдээлэл тарааж байгаа. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг.

Цусны даралтаа үзлээ, тогтмол 80/120, бие эв эрүүл, цоо саруул байгаа шүү" гэв.