Яармаг-Хархорин чиглэлд явах дүүжин замын тээврийн 14 дэх тулгуур баганыг гүйцэтгэгч компаниуд өнөөдөр суурилуулж, энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэж байгаа дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байна.
МҮОНРТ-ийн цамхгийн дараа орох дүүжин тээврийн хамгийн өндөр 46 метр цамхгийг өнөөдөр 200 тонныг өргөх чадалтай кранаар өргөж, суурилууллаа. Цамхгуудыг газрын 5-6 метрийн гүнд гадсан суурь цутгаж, суурилуулж байгаа юм байна. Цамхгийн орой дээр суурилуулах ролк нь 10 тоннын жинтэй. Энэ өвлийн улиралд дүүжин тээврийн бүтээн байгуулалт үргэлжилнэ.
2026 оны зургаадугаар сард бүх цамхгууд дээр дүүжин тээвэр явах ган татлагат 56 троссыг Франц улсаас авчирсан дроноор сүвлэх, наймдугаар сард кабинуудыг угсрах ажлыг гүйцэтгэж, жилийн дараа буюу ирэх арваннэгдүгээр сард зорчигчдоо зөөхөөр төлөвлөж байна. Намрын саруудад туршилт хийнэ.
Метроны үндсэн буудал Энхтайвны өргөн чөлөө дагуу Хархорин худалдааны төвд байх тул Яармагаас дүүжин тээврээр ирсэн иргэд буугаад метронд суух төлөвлөлттэй. Мөн Яармагийн гудамжаар буюу Наадамчдын өргөн чөлөөгөөр трамвайны нэг шугам явна. Дүүжин тээврийн зам нь энэ хоёр шугамыг холбох чиглэл.
Кабинуудын өнгө, дизайныг Францын талтай тохирсон. Дүүжин тээврээр зорчих үнэ тарифыг олон нийтэд танилцуулах болоогүй.
Дүүжин тээврийн ашиглалтыг хариуцах Улаанбаатарын ААН-ийг шинээр байгуулж, ажилтнуудыг сургалтад хамруулна.
Яармагт 100,000, Нэгдүгээр хороолол орчимд 100,000 гаруй хүний суурьшил бий. Энэ хооронд явах нийтийн тээврийг шугам байдаггүй учраас уг чиглэлийг намайг ажил авахаас өмнө судалж, сонгосон. Оргил ачааллын үед Яармаг, Нисэх орчим болон бусад замд цагт 90,000 орчим автомашин хөдөлгөөнд оролцдог болохыг тооцоолсон байдаг. Тэгэхээр эдгээр чиглэлд цагт 3,500 автомашиныг багасгах юм.
Өмнөд Америкийн Перу, Болив, Колумб улсад дүүжин тээврийг нийтийн тээврийн төрөл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Манай улсын хувьд нийтийн тээврийн нэг төрөл болгож хөгжүүлэх хуулийн төслийг боловсруулж байна" гэв.
Зээлийн тухайд "Дүүжин замын тээвэр төслийн зээл бараг хүүгүй. Жилийн 0.0076 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл. Арилжааны бус хөгжлийн зээл гэж ойлгож болно. 12 жилийн дараагаас 0.0076 хувийн хүүгийн зээлийг төлж, 40 жилийн хугацаанд барагдуулна" хэмээн тайлбарлалаа.
Түүний тайлбарлаж буй зээлийн хэмжээ нь Франц улсын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн зээл билээ.
Дүүжин тээвэр нь 19 цамхагтай, хамгийн өндөр нь 46 метрийн өндөр, 4.2 километр замтай, цагт 3,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна.
Францын Пома группийн мэргэжилтнүүд гурван жилийн хугацаанд дүүжин тээврийн засвар үйлчилгээ, сургалт, сэлбэгийг хариуцах бөгөөд үүнээс цааш монгол мэргэжилтнүүдэд үлдээх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!