НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар трамвай төслийг хэлэлцэв. Уг төслийг хэрэгжүүлэх 600 гаруй сая ам.долларын зээлийг трамвайн орлогоор төлж чадах эсэх, нийслэлийн төсөвт дарамт учруулах эсэх, валютын ханшийн зөрүүгийн эрсдэлийг хэрхэн зохицуулахыг төлөөлөгч Г.Батбаяр асуусан юм.
Түүний асуултад НЗД-ын орлогч Т.Даваадалай: Зээлийн эргэн төлөх хугацаа зургаан жил.
2025 оны аравдугаар сард багтааж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр трамвайн нэгдүгээр, хоёрдугаар шугамыг барих тендерийг зарлахаар бэлтгэж байна. Ингэснээр хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьж, тодорхой тооны буудлуудыг 25 жилийн хугацаанд эзэмших нөхцөлтэй байх тул санхүүгийн эрсдэл гарахгүй гэж үзэж байгаа.
Зорчигчийн тоо дээр нийслэлээс татаас өгнө.
Улаанбаатар хот трамвайтай болсноор авто замын түгжрэл 5-7%-аар буурна. Техникийн хувьд богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл" гэв.
"Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ"-ын эдийн засагч н.Нинжин: Трамвай төслийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 28 жил. Эдийн засгийн хувьд зургаан жил. Метротой төстэй өвөрмөц төсөл. Тээврийн хэрэгслийн зардал, зорчилтын цаг хугацаа, замын осол гэмтэл, агаарын бохирдлын хэмнэлт гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтийг тооцоход 140 сая ам.долларын ашигтай байх эдийн засгийн үр өгөөж гарсан.
Засгийн газраас татаас авбал зээл 28 жилийн дараа төлбөр төлөгдөнө.
2025-2027 онд трамвай төслийн анхны хөрөнгө оруулалт 348.16 сая ам.доллар. 2028-2057 он хүртэл 30 жилээр тооцоолж үзэхэд нийт борлуулалтын орлого 902.31 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 413.37 сая ам.доллар, улсын төсвөөс жил бүр төлнө гэж үзвэл 2052 онд бүрэн төлж барагдуулах төсөөлөлтэй" хэмээн танилцуулав.
Санхүүгийн тооцооллын тухай Улаанбаатар Трам төслийн ахлах инженер Б.Содбаатар: Трамвайны гол орлогыг тасалбарын орлого бүрдүүлнэ. Өдөрт 121,000 зорчилт явагдана гэж тооцоолж байна. Оргил цагт нэгдүгээр шугамаар 6,500, хоёрдугаар шугамын 7,000 зорчилтод тулгуурлаж тооцоолоход жилийн нийт орлого 68.5 тэрбум, зардал нь 24.5 тэрбум төгрөг байна. Цалин, хангамж, ашиглалт үйлчилгээ, элэгдлийн зардал гарах бол тасалбараас гадна зар сурталчилгаа болон бусад орлогыг тооцсон. Эдгээр тооцоололд үндэслэж 28 жилийн хугацаанд санхүүгийн өртгөө нөхнө.
Төлөөлөгч Ж.Энхжаргалан "Трам төсөл бүтэлгүйтвэл хариуцлагыг хэн хүлээх тухай асуултад хариулт хэлсэнгүй" гэв.
Өндөр төсөвтэй уг төслийг хэрэгжүүлэх нь зөв үү буруу юу гэдгийг сайн ярилцаж байж шийдэх хэрэгтэй гэсэн саналыг зарим төлөөлөгч хэлсэн юм.
Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг байна.
Трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ.
Харин хоёрдугаар шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байхаар төлөвлөжээ.
Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!