Б.Батбаатар: С.Батбаатар гэж нөхөр төрийн албанд нэг секунд ажиллаж үзээгүй атлаа яамны газрын даргын албан тушаал нэхсэн
Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ынхан өчигдөр /2026.03.09/ хоёр газар хэвлэлийн хурал зарласан билээ.
Нэг талд намын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар намынхаа 26 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар театрт зарласан бол тус намын тэргүүн дэд дарга С.Батбаатар “Новотел” зочид буудалд намынхаа онц их хурлыг зарлан хуралдуулсан юм.
Намын дарга Б.Батбаатар ойн арга хэмжээнийхээ үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн бол онц их хурлаа хуралдуулсан нөгөө талынхан Б.Батбаатарыг намын даргаар ажиллах чадамжгүй гэж үзэн огцруулж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг шинэ даргаараа сонгов.
Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын дарга Б.Батбаатар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж үүсээд буй асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр "2000 оны гуравдугаар сарын 9-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Иргэний зориг намыг байгуулснаа зарлаж УИХ-д сонгуульд оролцон парламентад суудалтай болсон. Энэ хугацаанд Иргэний зориг намд нэг бус нэлээд хэдэн нам нэгдэж хамтарч явсан. 2011 онд Ногоон нам нэгдсэнээр Иргэний Зориг Ногоон Нам гэдэг нэршилтэй болсон.
Миний бие 2016 онд ИЗНН-д элсэж байсан, арав дахь жилдээ энэ намын гишүүнээр ажиллаж, 2023 оны есдүгээр сарын 9-ний өдрийн их хурлаар намын даргаар сонгогдсон.
Р.Батболд, Т.Бат-Эрдэнэ, С.Батбаатар нарын иргэд өчигдөр намын онц их хурал гэдэг зүйлийг хийсэн. Тэрхүү явуулж буй хууль бус үйл ажиллагаанд манай намын дүүргийн дарга нар очиж, энэ ажлаа зогсоох шаардлага тавьсан.
Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын дарга улс төрийн зөвлөлийн хурлыг зарладаг. Улс төрийн зөвлөл хуралдаад долоогоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны хурлыг зарладаг, Үндэсний хороо хуралдаад 30-аас дээш хоногийн хугацаанд намын их хурлыг зарладаг зохицуулалттай.
Хэрэв онц их хурал нэрийн дор намын эрх мэдлийг өөр зорилгоор авах гэж оролддог бол Монголд бүртгэлтэй буй 37 намын онц их хурал хуралдаж, удирдлагаа солих боломжтой болно. Тэгэхээр энэ зүйл боломжгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордны их танхимд иргэдийг цуглуулж, МАХН-ын их хурлыг хийж байсан. Тухайн асуудлаа тодорхой хугацааны дараа Дээд шүүхэд хүргэхэд хуулийн дагуу шийдвэрлээд дуусгавар болж байлаа. Энэ зүйл боломжгүй гэдгийг өнгөрсөн түүх харуулж байна.
Онц их хурлаар намын даргыг хөөлөө гэдэг зүйл ярьж буй этгээдүүдэд хандаж хэлэхэд аль ч улс төрийн нам гэдэг чинь төрийн бус байгууллагаас арай өөр. Намуудын дүрэмд гишүүнийг өөрийн хүсэлтээр биш бол хасах асуудлыг Хяналтын хороо, Ёс зүйн хороо шийдвэрлэдэг.
Тиймээс хэн нэгэн этгээд намайг болон намын дэд даргыг ИЗНН-ын гишүүнчлэлээс дураараа хасах эрх байхгүй.
Тэд нар Дээд шүүхийн 2026 оны нэгдүгээр сарын 23-ны тогтоолоор нам ажиллах боломжгүй болсон гэдэг зүйлийг яриад байгаа. Дээд шүүхийн нэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж гаргасан 10 дугаар тогтоол хоёрдугаар сард албан ёсоор албажиж гарсан. Гуравдугаар сарын 2-нд Дээд шүүхээс манай гардаж авсан. Үүнээс хойш 60 хоногийн дотор улс төрийн намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан гурван өөрчлөлтийг тодруулж, зохих шатны хурлын шийдвэрээ гаргаж Дээд шүүхэд бүртгүүлснээр намын дүрэм бүртгэгдэнэ.
"ИЗНН-ыг бусдын хүүхэлдэйгээр орлуулж, төрийн сонгуульд оролцуулах ашиг сонирхол бий"
Бусад улс төрийн намд тохиолдож байсан процессууд манай нам дээр дахин явагдаж байна. 2027 оны сонгуульд ИЗНН улс төр, бизнесийн бүлэглэлийн захиалж байгаа хүнийг намынхаа нэр дээрээс ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй. Энэ зүйлийг хэлснээс хойш манай нам дотор асуудлууд эхэлсэн. ИЗНН-ыг бусдын хүүхэлдэйгээр орлуулж, төрийн сонгуульд оролцуулах ашиг сонирхол бий.
Гэхдээ энэ нь зүй ёсны буюу улс төрийн зөв тэмцэл, зөв ур чадвар заасан ажил бус хөрөнгө санхүү зарсан ичих булчирхайгүй хүмүүсийн ажил болж хувирсан. Энэ үйл ажиллагааг гардан зохион байгуулж буй хүмүүс надаас тодорхой хэмжээний албан тушаал нэхэж байсан. Нэхэж байгаа албан тушаалаараа "мөнгө олох гэсэн юм" гэдэг шаардлага тавьж байсан. Манай намд тэргүүн дэд дарга гээд буй С.Батбаатар гэж хүн байхгүй.
С.Батбаатар гэж нөхөр төрийн албанд нэг секунд ч ажиллаж үзээгүй. Тэр хүн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны үнэлгээ хяналтын газрын даргын албан тушаал нэхсэн. Яамны газрын даргыг би халж чадахгүй, Төрийн нарийн бичгийн дарга мэддэг. Хууль зөрчөөд халлаа гэхэд тэр хүн шүүхэд өгөөд ажилгүй байгаа цалин хөлсийг тушаал гаргасан хүн шийдвэрлэдэг.
Чи тэр албан тушаалд очиж яах гэж юм бэ гэхэд "хөдөө уул уурай дээр байгаа компаниудыг шалгаад эрхийг нь хаая, хэдэн төгрөг олоод ирье" гэсэн. Миний гар утсан дээр ирсэн мессежүүд нь байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
