Засгийн газрынхаа хоёр улсын худалдааны маргаан зөрчлийг арилгах яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын үйлдвэрлэгчдийн автомашиныг Япон дахь өөрийн сүлжээгээр борлуулах саналыг Тоёота Мотор компани гаргажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын худалдааны тэнцвэртэй байдлыг хангах хүсэлтэй байгаа. Хэрвээ Америк автомашиныг Японы зах зээлд импортолж эхэлбэл АНУ-ын худалдааны алдагдал багасах юм.
Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тоёода ийм саналыг өнгөрсөн сард болсон уулзалтын үеэр Япон улсын ерөнхий сайд Шигэрү Ишибад тавьж байжээ.
Энэхүү үйл явдлын дүрс бичлэгийг Тоёота компани Даваа гарагт нийтэд ил болгосон юм.
Япон даяар оршдог 4,000 гаруй салбартай худалдааны сүлжээгээ АНУ-д үйлдвэрлэсэн автомашиныг борлуулахад ашиглах боломжтойг Акио Тоёода энэ үеэр хэлж байжээ.
Үүнээс гадна Тоёота компани АНУ-д үйлдвэрлэсэн өөрийн автомашиныг мөн Японы зах зээлд реимпортлох хувилбарыг санал болгосон байна.
Ерөнхийлөгч Трамп дөрөвдүгээр сарын 2-нд дэлхийн ихэнх улсын бараа бүтээгдэхүүнд “харилцан татвар” ногдуулах шийдвэрээ зарлаж байв.
Энэ үеэр Япон улсад нийтдээ 24 хувийн импортын татвар ногдуулсан юм.
Сүүлд АНУ-д гадаадаас автомашин нийлүүлэхэд дахин 25 хувийн татвар ногдуулж байв.
Үүний дараа Японы засгийн газар АНУ-ын талтай худалдааны нөхцөлөө шинэчлэх яриа хэлэлцээ эхлүүлсэн юм.
Японы засгийн газрын хэлэлцээрч Рёсей Аказава тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлээр сайд нарын түвшний зургаа дахь ээлжийн яриа хэлэлцээ хийхээр Вашингтонд очих гэж байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!