Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Австри улсыг цочроосон зэвсэгт халдлагын улмаас 11 хүний амь үрэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Европын хамгийн тайван амгалан улсуудын нэгд тооцогддог Австри улсад өчигдөр 11 хүний амь үрэгдсэн зэвсэгт халдлага гарчээ.

Грац хотын нэг ерөнхий боловсролын сургуулийн байранд 21 настай эрэгтэй нэвтэрч, 10 хүнийг буудаж алсны дараа өөрийн амийг хөнөөсөн байна.

Аллага үйлдсэн этгээд нь тус сургуулийн сурагч байсныг тогтоожээ. Тэрбээр сургуулиа төгсөж чадаагүй юм байна.

Алагдсан хүмүүсийн долоо нь эмэгтэй, гурав нь эрэгтэй байсан ба өөр 12 хүн шархадсаныг Австрийн дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлүүд амиа алдсан хүмүүсийн долоо нь хүүхдүүд байсныг мэдээлсэн юм.

Нэрийг нь нууцалж буй алуурчин гэмт хэрэгт өмнө холбогдож байгаагүй бөгөөд цагдаа нар ямар зорилгоор ийм халдлага үйлдсэнийг тогтоохоор шалгаж байгаа гэнэ.

Тэрбээр халдлагад ашигласан хоёр бууг албан ёсоор эзэмшдэг байжээ.

зураг
 

Австрийн засгийн газар орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна. Өнөөдөр буюу Лхагва гарагийн 10:00 цагт орон даяар нэг минут дуугаа хурааж, хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Вена хотод ерөнхийлөгчийн ордны оройд байрлуулсан төрийн далбааг бөхийлгөхөөр болсон байна.

Австрийн канцлер Кристиан Стокер өчигдрийг “манай улсын түүхэнд тохиосон хар өдөр” хэмээн тодорхойлжээ.

Өчигдрийн үйл явдал Австри улсын орчин үеийн түүхэнд хамгийн олон хүний амь үрэгдсэн зэвсэгт халдлагад тооцогдож байгаа юм.

Сүүлийн үеийн жишээ гэвэл 2020 онд жихадист Куитим Фейзулай гэгч Вена хотын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт гал нээсний улмаас дөрвөн хүн алагдаж, 23 хүн шархдаж байв.

2016 онд Нензин хотын концертын танхимд нэг этгээд хоёр хүнийг буудаж алсныхаа дараа өөрийн амийг егүүтгэж байжээ. Энэ халдлагын үеэр 11 хүн шархдаж байсан юм.

 

Эх сурвалж: BBC