Ираны шинэ дээд удирдагч анхны мэдэгдэлдээ Ормузын хоолойг үргэлжлүүлэн хааж, АНУ, Израилиас цусан өшөө авахаа амлав
Ираны шинэ дээд удирдагчаар томилогдоод удаагүй байгаа Можтаба Хамени өчигдөр гаргасан анхны мэдэгдэлдээ дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаахаа амлажээ.
Ираны төв телевизээр уг мэдэгдлийг хөтлөгч уншсан боловч Хамени өөрөө биечлэн оролцоогүй байна.
Тэрбээр АНУ, Израилийн явуулж буй байлдааны ажиллагааны үеэр амь үрэгдсэн иранчуудын “цусан өшөөг” авахаа амлаж, хөрш орнууддаа АНУ-ын цэргийн баазыг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахаас татгалзах хэрэгтэйг анхааруулжээ.
Дайны эхний өдөр Аятолла Али Хамени алагдсаны дараа гуравдугаар сарын 8-ны өдөр түүний хүү Можтаба шинэ дээд удирдагчаар томилогдсон юм.
АНУ, Израилийн агаарын цохилтод аавтай нь хамт Можтабагийн эхнэр, хүү хоёр амь үрэгдэж байв.
Бас түүний ээж энэ үеэр алагдсан гэх мэдээ цацагдсан ч сүүлд Ираны хэвлэл үүнийг няцаасан юм.
Дээд удирдагчаар томилогдсоноосоо хойш Можтаба Хамени олны өмнө ил гараагүй, түүний гэрэл зураг, видео дүрс ч нийтлэгдэхгүй байгаа.
Түүнийг агаарын цохилтод өртөж, шархадсан гэх яриа тараад байгаа ч батлагдаагүй байна.
Иран улс дайсныхаа хамгийн эмзэг цэг болсон Ормузын хоолойг хааж, хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэйг Можтаба мэдэгдэлдээ өгүүлжээ.
Мөн Ойрх Дорнодын бүс нутагт байгаа АНУ-ын цэргийн баазууд руу үргэлжлүүлэн довтлохоо мэдэгдсэн байна.
“Бид 15 хөрш улстай хуурай газар болон далайгаар хиллэдэг бөгөөд тэдэнтэй үргэлж найрсаг, бүтээлч харилцаа тогтоохыг эрмэлздэг. Эдгээр улсууд манай орны эсрэг түрэмгийлэгчид болон ард түмнийг маань хөнөөгчдийн талаар байр сууриа тодорхой болгох хэрэгтэй. Би тэдэнд нутаг дэвсгэртээ байрлуулсан цэргийн баазуудаа аль болох хурдан хаахыг зөвлөж байна” гэж Можтаба Хамени анхааруулжээ.
Тэр бас Минаб охидын сургуульд гарсан халдлагыг “хүүхдийн эсрэг үйлдсэн санаатай гэмт хэрэг” гэж тодорхойлсон байна.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Ираны өмнөд бүсийн цэргийн баазын ойролцоо байдаг уг сургуулийг пуужингаар харвасан нь цэргийнхний алдаа байсныг мөрдөгчид тогтоосон гэдэг.
Можтаба бас өөрийгөө Ираны дээд удирдагчаар томилогдсоныг санамсаргүй зүйл байсан, бусад хүмүүсийн нэгэн адил телевизийн мэдээнээс анх сонссоноо хэлсэн байна.
Ираны удирдагчийн анхны мэдэгдлээс хойш хэдэн цагийн дараа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үг хэлэхдээ түүнийг олон нийтэд нүүрээ харуулахаас айсан Хувьсгалт Гвардын “хүүхэлдэй” гэж тодорхойлжээ.
Тэр бас Хамени болон түүний холбоотон Хезболла бүлгийн тэргүүн Найм Кассем нарын талаар “Би террорист байгууллагын удирдагчдыг амь насны даатгалд хамруулахгүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
