Москва хотод тодорхойгүй шалтгаанаар гар утасны интернэт тасраад долоо хонож байна
ОХУ-ын нийслэл Москва хот болон Санкт Петербург хотын гар утасны хэрэглэгчид интернэт сүлжээнд холбогдож чадахгүй болсноо долоо хоногийн өмнө анх мэдээлж байв.
Энэ байдал одоо ч үргэлжилж, вебсайт, аппликэйшн ажиллуулж чадахгүй байгаагаас гадна утсаар хоорондоо ярьж болохгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Кремлийн хэвлэлийн алба саяхан уг тасалдлын талаар тодорхой тайлбарлаагүй ч “аюулгүй байдлыг хангах” зорилгоор ингэсэн бөгөөд “нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай болтол” үргэлжлэхийг мэдээлсэн юм.
Оросын бусад бүс нутагт гар утасны сүлжээний тасалдал бараг хэвийн үзэгдэл болсон ч нийслэл Москвад анх удаа ийм зүйл тохиолдож байна.
Хүний эрхийн идэвхтнүүд үүнийг Оросын эрх баригчид интернэтийн шинэ “цагаан жагсаалт” туршиж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.
Энэ нь зөвхөн зөвшөөрөгдсөн сайтууд, үйлчилгээнүүдийг нээж, бусдыг нь хаах систем юм.
Эрх баригчид өмнө нь “цагаан жагсаалт” нь хүргэлт, такси дуудлага, онлайн дэлгүүрүүд зэрэг өдөр тутмын үйлчилгээнүүдийг багтаахыг амлаж байжээ.
Гэвч одоогоор интернэт бүрэн хаагдаад байгаа нь Москвагийн оршин суугчдын санааг зовоож байна. Украины дайн эхэлснээс хойш Орос улсад интернэтийг хаах явдал түгээмэл болсон.
Top10VPN байгууллагын тооцоолсноор 2025 онд тус улс интернэт тасалдлын тоогоор дэлхийд тэргүүлжээ.
Оросын бүс нутгийн эрх баригчид өмнө нь Украины нисгэгчгүй онгоцны халдлагыг зогсоохын тулд интернэтийг түр хааснаа тайлбарладаг байв.
Гэхдээ мэргэжилтнүүд үүнийг үр дүн багатай арга гэж үздэг.
Оросын бизнесийн өдөр тутмын “Коммерсант” сонин Москвагийн интернэт тасалдлын эдийн засгийн алдагдлыг өдрийн нэг тэрбум рубль ($12.5 сая) орчим гэж тооцоолсон байна.
Интернэтийн тасалдал Оросын парламент буюу Төрийн Думд ч бас хүрсэн бөгөөд ордон дотор гар утасны сүлжээ, утасгүй интернэтийн сүлжээ ажиллахгүй байгаа талаар хууль тогтоогчид гомдоллох болсон байна.
Уг тасалдлын улмаас олон хүн харилцаа холбооны хуучин арга хэрэгслийг ашиглах болжээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Wildberries & Russ онлайн худалдааны платформд “walkie-talkie” радио станц, пэйжерийн эрэлт тус бүр 27 ба 73 хувиар тус тус өссөн байна.
Мөн Москва хотын хэвлэмэл газрын зургийн эрэлт бараг гурав дахин өсжээ.
Оросын эрх баригчид WhatsApp, Facebook, YouTube платформуудыг хаагаад удаж байгаа бол одоо хамгийн өргөн хэрэглэгддэг Телеграм мессенжэрийг ойрын үед хааж магадгүй гэсэн яриа тараад байгаа.
Пүрэв гарагт тус улсын нэг хууль тогтоогч интернэтийн VPN урсгалыг хязгаарлах боломж аюулаас хамгаалах албаныханд ойрын зургаан сарын дотор бий болохыг амласан байна.
Үүнтэй зэрэгцэн эрх баригчид Хятадын WeChat-ийг загвар болгосон төрийн өмчийн Max супер аппликэйшнийг ард иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр шахаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
