Ж.Хунан: Гэмт үйлдэл хийгээгүй хүүхдүүдийн зургийг тавьж, ташаа мэдээлэл түгээж байгаа бол залруулга гаргах ёстой

П.Сайнжаргал, IKON.MN
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр "Цэргийн ангид ч, сургуулийн орчинд ч ялгаагүй нэгнийгээ дарамталж, дээрэлхдэг асуудлын араас ХЭҮК хэвлэлийн хурал зарладаг. Танай ажил сул байгаа юм биш үү?" гэх сэтгүүлчийн асуултад ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан дараах хариултыг өгсөн юм. 

Тэрбээр "Хүүхдийн эрхийн гомдол, мэдээлэл жил ирэх тусам өсөж байна. Нэг талаараа сайн. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань эрхийнхээ төлөө дуугардаг болж байна. Нөгөө талаар хүүхдийн эрхийн зөрчил байсаар байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн гурван жилийн мэдээллээс харахад хүүхдийн эрх зөрчигдсөн талаар

  • 2023 онд 48 
  • 2024 онд 62
  • 2025 онд 72 гомдол бүртгэгдсэн. 

Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 2025 онд дөрвөн гомдол ирсэн. ХЭҮК иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжтэй байвал цагдаагийн байгууллага руу шилжүүлдэг.

Мөн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулдаг.

Асуудал үүссэний дараа ХЭҮК гарч ирдэг гэдгийг ярьж байна. Бидний чиг үүргийг зөвөөр ойлгоорой. Хүний эрхийг хамгаалах хангах чиглэлд төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьдаг.

Ямар асуудал байгааг үргэлж мэдээлж, хонх дуугаргаж байх үүрэгтэй. Үүнийгээ УИХ-д өргөн барьж, Монгол Улс дахь хүний эрх чөлөөний илтгэлдээ оруулж өгдөг.

Зургаан гишүүн тус тусдаа нэг сэдэв хариуцдаг. Хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал юу вэ гэдгийг Комиссын хуралдаанаар ярилцаж асуудлыг хөндөж тавьдаг. УИХ-д танилцуулж, энэ хүрээндээ шийдвэр гаргуулдаг" хэмээн хариуллаа. 

Үргэлжлүүлэн цахим орчинд тархсан дүрс бичлэгтэй холбоотой сэтгүүлчийн асуултад хариулт өгөв. 



Сэтгүүлч: Хэрэгт холбогдолгүй өөр хүүхдүүдийн зургийг цахим орчинд тавьж, андуурч сэвсэн асуудал гарч байна. Улмаар гэмгүй хүүхдүүд заналхийлэлд өртөж буй асуудал үүсжээ.  Ийм тохиолдолтой ажиллаж байсан уу?

 ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Энэ асуудлыг мэдэгдэх шаардлагатай. Гэмт үйлдэл хийгээгүй хүүхдийн зураг нь ил болоод ташаа мэдээлэл түгээж байгаа бол залруулга гаргах ёстой. Энэ залруулгыг хүүхэд хамгааллын хамтарсан баг хийнэ.

Хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн эрхийн улсын байцаагчид, цагдаагийн байгууллагаас үүнд арга хэмжээ авна. Залруулга хийж, аюулгүй байдлыг нь хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэсэн үг.