"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"
Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэрэг асуудал гарч байгаатай холбоотой Хүний Эрхийн Үндэсний Комисс/ХЭҮК/-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд болсон дээрэлхэлттэй холбоотой үйл явдлууд маш ноцтой хүүхдийн эрхийн зөрчил учир зүгээр үлдээж болохгүй. Шалгах ажиллагаа явуулж байгаа гэв.
Доорх статистикуудаас хүүхдийг нэгдүгээр тавьж хамгаалж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулах ёстой гэдгийг ХЭҮК-оос онцоллоо.
- Бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүүхдийн тоо сүүлийн 4 жилд тогтмол өссөөр 2021 онд 278 байсан тоо 2025 онд 436 болжээ.
- Хүүхдийн амиа хорлолт 2021 онд 62, 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд 62 бүртгэгдсэн байна.
- Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 2021 онд 83, 2024 онд 111 болж өсжээ.
- Гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүдийн тоо 2021 онд 550 байсан бол 2024 онд 997 болж өссөн байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар тус зөвлөлийн гишүүн болгон өөрийн салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо баталж эрчимжүүлэх, хяналт тавих, зардлыг нь шийдэх буюу хуульд заасан хэмжээний зардлыг хүүхэд хамгааллын бодлогодоо зарцуулах, үүнд Сангийн яаманд зардлын ангиллыг нь гаргаж өгөх тухай шийдвэр гаргажээ.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан "Хүүхэд хамгаалалтай холбоотой асуудалд бага дээр нь хариу арга хэмжээ авч шударгаар шийдэх, үр дүн гаргадаг болох хэрэгтэй байна. Хүүхдүүд өөрсдөө сошиал орчинд "бидний гаргасан гомдлыг шийдэхгүй байна. Арга хэмжээ авч хохирлыг барагдуулдаггүй" гэж ярьж байна. Иймд үүнийг үр дүнтэй болгох хэрэгтэй. Бага гэлтгүй ач холбогдол өгч асуудлыг нь шийдэж өгдөг байхгүй бол даамжирсаар улам хэрцгий балмад болж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
