ХЭҮК: Хүүхдийн нийгэм, сэтгэлзүйн асуудлыг илрүүлж, эрсдэлд байгаа эсэхийг тогтмол үнэлэх, зөвлөгөө өгөх зөвлөмжийг хүргүүлсэн
2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Хүний Эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар Боловсролын сайдад зөвлөмж хүргүүлжээ. Уг зөвлөмжийн биелэлтийг Боловсролын сайд энэ оны гуравдугаар сарын 30-ны дотор ХЭҮК-д тайлагнах үүрэгтэй юм байна.
ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай 23 дахь илтгэл дээр боловсролын салбар дахь үе тэнгийн дээрэлхэлтэд анхаарал хандуулж үе шаттай, цогц арга хэмжээ авахыг Боловсролын сайдад зөвлөсөн байна. Харин 24 дэх илтгэлдээ үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийлэл цахим орчинд эрчимтэй шилжсэнтэй холбоотойгоор цахим орчинд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлыг хөндсөн байна.
Уг зөвлөмжид:
- Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан бүх шатны боловсролын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм, хийдийн шашны сургууль, хүүхэд хамгааллын бодлого түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх, хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээг авч хяналт тавих.
- Хүүхэд хамгааллын хуульд заасны дагуу багш ажилтныг хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх.
- Хичээлийн жилийн турш хүүхдийн нийгэм, сэтгэлзүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах арга хэмжээг авч хүүхдүүд эрсдэлд нөхцөлд байгаа эсэхийг тогтмол үнэлэх, зөвлөгөө өгөх. Үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч сурагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэвшүүлэх талаар бүх шатны боловсролын байгууллагад үүрэг болгох.
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн дотуур байранд яаралтай үед хүүхэд ашиглах итгэлтэй утас байршуулах. Сэтгэлзүйчтэй холбож зөвлөгөө мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх. Сургуулийн дотуур байрны жижүүр болон ажилчдад тэдний эрх, үүрэг хариуцлага, хүүхэд хамгааллын бодлогыг танилцуулж хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үе шаттай мэдээлэл өгөх. Хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгжилтийг хангуулах.
- Сургуулийн орчинд дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг мэдээлэх орчныг бүрдүүлж өртсөн сурагчдад дэмжлэг үзүүлж урьдчилан сэргийлж, таслан зогсоох тогтолцоог бий болгох.
- Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын баг Хүүхэд хамгааллын тухай хууль түүнд холбогдох журамд заасны дагуу бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Мөн гишүүдийг хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхжуулах болон хүний эрхийн боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх. Нийгмийн ажилтнаар бэлтгэж буй оюутнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх талаар комиссын гишүүний 2025 оны долдугаар сарын 7-ны өдрийн зөвлөмжийг заалт бүрээр хэрэгжүүлэх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
