АНУ-ын армийн шатахуун түгээгч нисэх онгоц Иракийн нутаг дэвсгэрт осолджээ

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Байлдааны нисэх онгоцнуудыг агаарт шатахуунаар цэнэглэх зориулалттай АНУ-ын армийн онгоц Пүрэв гарагт Иракийн нутаг дэвсгэрийн баруун хэсэгт осолджээ.

Уг осолд өөр нэг онгоц оролцсон, гэхдээ дайсны халдлага, эсвэл санамсаргүй өөрийн онгоцыг буудаж унагасан тохиолдол байгаагүйг АНУ-ын албаныхан мэдээлсэн байна.

Аврах ажиллагаа үргэлжилж, хүний амь хохирсон эсэх нь тодорхой болоогүй байна.

Ираны эсрэг байлдааны ажиллагаанд оролцохоор АНУ олон тооны нисэх онгоцоо Ойрх Дорнодод илгээгээд байгаа.

АНУ-ын армийн төв тойргийн командлалын мэдээлснээр осолдсон онгоц нь KC-135 агаарт шатахуун түгээгч юм байна. Осолд оролцсон хоёр дахь онгоц аюулгүй газарджээ.

“Энэ осол Operation Epic Fury ажиллагааны үеэр агаарын аюулгүй орон зайд гарсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна” гэж төв тойргийн командлал мэдээлсэн юм.

Дээрх онгоц нь хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг байлдааны ажиллагаа эхэлснээс хойш унасан АНУ-ын дөрөв дэх онгоц болж байна.

Энэ сарын эхээр Кувейтийн агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг санамсаргүй алдааны улмаас буудан унагаж байв.

Эдгээр онгоцнуудын нисгэгчид бүгд амьд үлдсэн юм.

Ираны эсрэг байлдааны ажиллагаанд одоогоор АНУ-ын долоон цэргийн алба хаагч амь үрэгдэж, 150 орчим хүн шархдаад байгаа.

Харин Ираны талд амь үрэгдсэн хүний тоо 1,300 хүрснийг тус улсын НҮБ дахь байнгын төлөөлөгч саяхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press