Ш.Энхийн-Од NCAA-гийн замналаа өндөрлүүллээ
АНУ-ын коллежийн сагсан бөмбөг (NCAA)-ийн улирал дуусах дөхөж байна.
Монголоос NCAA-гийн бүрэн тэтгэлэг авсан анхны тоглогч Ш.Энхийн-Одын коллежийн сагсан бөмбөгийн замнал өнөөдөр дууслаа. Түүний "South Carolina Gamecocks' баг нь бүсийнхээ эхний шатанд "Oklahoma"-гийн их сургуулийн багтай учраа таарсан юм.
Энэ тоглолтод Оклахомагийн баг 86:74-өөр Өмнөд Каролинагийн их сургуулийн багийг буулган авснаар дараагийн шатанд шалгарчээ. Ш.Энхийн-Од 28 минутад 19 оноо, найман самбараас бөмбөг авснаар коллежийн сагсан бөмбөгийн замналаа өндөрлүүлж байна.
Майкийн хувьд энэ улирлыг 10.6 оноо, 5.5 самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр өндөрлүүллээ. Одоо түүнийг Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-ийн шинэ тоглолтын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж байна.
NBA-д жил бүр шинэ тоглогчдын 60 нь албан ёсны гэрээтэй тоглогч болох боломж бүрддэг бол сонголтоос гадна үлсэн цөөн тоглогчид хоёр талт гэрээгээр лигт үлддэг. Түүнчлэн хэрвээ лигт шууд сонгогдож чадаагүй бол Хөгжлийн лиг эсвэл Европ зэрэг бусад орны томоохон лигүүдэд ч гэрээ байгуулах боломж бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
