Ч.Ундрам сайдад CS2 ДАШТ-ий талаар ямар чөтгөр нь шивнэчхэв ээ
Энэ жил манай улсад спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулахаар Засгийн газраас баталсан юм.
Тодруулбал энэ онд бокс, таеквондо, шатрын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ), волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн АШТ, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөгийн олимпын оноо олгох тэмцээн болно.
Тэмцээний бэлтгэл ажлыг ханган, өндөр түвшинд зохион байгуулж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгасан байна.
"Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт"-ыг хавсралтаар баталж, хавсралтад заасан тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас санхүүжүүлнэ.
Дээр нэр дурдагдсан тэмцээнүүд тодорхой хугацааны өмнө ямар нэг байдлаар зарлагдсан. Жишээлбэл Дэлхийн боксын холбооноос тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан бол шатрын тивийн тэмцээнийг зохион байгуулах шийдвэр нь өнгөрсөн онд батлагдаж, саяхан товоо олон нийтэд мэдэгдсэн юм.
Чөлөөтийн нээлттэй тэмцээн болон жүдо, 3х3 сагсан бөмбөгийн Их Дуулга тэмцээн нь тухайн спортын олон улсын холбоотой хийсэн гэрээний дагуу зохион байгуулж буй.
Цаг хугацааны хувьд эдгээр тэмцээн нь "Лос Анжелес 2028" зуны олимпын наадмын циклд таарч байгаа тул олимпын оноо олгох аж.
Тэгвэл сайд Ч.Ундрам өчигдөр Төрийн ордонд Засгийн газрын шийдвэрийн талаар сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа "Counter Strike 2 буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх арванхоёрдугаар сард Монголд зохион байгуулна" гэсэн юм.
Харин яамны зүгээс цахим хуудсандаа гаргасан албан мэдэгдэлд "Counter Strike 2 цахим спортын шилдэг найман дэлхийн цомын тэмцээнийг ирэх арванхоёрдугаар сард Аса аренад зохион байгуулна" гэсэн байв.
Бид энэ талаар Mongolian Esports Association (MESA)-гийн албаны хүнээс тодруулахад "Монголд зохион байгуулах тэмцээний талаар ямар ч мэдээлэлгүй байна" гэсэн хариулт өгсөн юм.
Сонирхуулахад Counter Strike 2 тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-тэй дүйцэхүйц тэмцээн жилд хоёр удаа болдог. Цахим спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг Major ангиллын эхнийх нь энэ жил Германы Кёлын хотод зургаадугаар сарын 2-ноос 21-нийг дуустал үргэлжлэх бол дараагийнх нь арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 13-ны хооронд Сингапурт болно.
Мөн өнгөрсөн жил Mongolz багийн түрүүлсэн Esports World Cup тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан Counter Strike 2-ийн тэмцээн энэ жил Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод наймдугаар сарын 19-нөөс 23-ныг дуустал үргэлжилнэ. Нийт $2 саяын шагналын сантай тус тэмцээнд 32 баг оролцдог билээ.
Харин тус тоглоомын шилдэг найман баг оролцохоор төлөвлөж байгаа гэх тэмцээний талаар тодорхой баримт олдсонгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
