Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ
Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг мөрдүүлэх ажил үргэлжилж байгааг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны эхэнд баригдсан, зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд саад учруулахгүй байх зорилгоор “зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавигдах стандарт”-ыг мөрдүүлэх тухай албан даалгаврыг өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард гаргасан байдаг.
Уг албан даалгаврын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт стандартын бус хашаа, хайс барьсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг үе шаттайгаар арилгах, газар чөлөөлөх ажил үргэлжилж байгааг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





