Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр тохиролцжээ
Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр дахин уулзаж, хэлэлцээг үргэлжлүүлсэн байна.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй санал болон “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцов.
Тодруулбал төслийн ирээдүйн эерэг хүлээлт, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцлээ.
Мөн талууд зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь зээлийн хүүг бууруулах бодит шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.
Иймд талууд энэ сард дахин уулзаж, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: Сангийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



