ФОТО: "Зэс-Эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид хоёр тал болж үймээн дэгдээснээр цагдаа нар хүчээр тараалаа
"Зэс-Эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам(ХББОСЯ)-ны гадна талбайн дахин жагсав.
Тус компанийн хувьцаа эзэмшигч гэх хүмүүс компанийн үйл ажиллагаа доголдож, эрх ашиг нь зөрчигдсөн талаар энэ оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т хандах, ХББОСЯ-ны гадна жагсах зэргээр үе шаттайгаар эсэргүүцлээ илэрхийлсээр буй.
Харин өнөөдөр хувьцаа эзэмшигчид хоёр тал болж үл ойлголцол гарлаа. Мөн цагдаагийн алба хаагчид жагсаалыг хүчээр тарааж, яамны үүднээс холдуулав.
Жагсагчдын нэг тал нь "Сайд Э.Бат-Амгалантай уулзахаар өлсгөлөн зарласан хүмүүсийг зориудаар хутган үймүүлэхээр хэсэг хүн ирлээ. Төлбөртэй гэж харж байгаа 30-50 насны 30 гаруй хүн байна. Өглөө хүмүүсээ үзлэгт явуулчхаад байж байхад нэг залуу 'Та нарын жагсаалыг үймүүлэхээр Баянзүрх дүүргийнхэн хөдөлж байна шүү' гэсэн. Тайван жагсаалыг санаатайгаар бусниулах оролдлого гарч байна" гэсэн.
Тэгвэл нөгөө талынх нь төлөөлөл "Төлбөртэй жагсаал хийхээр хүмүүст мөнгө тараасан дансны хуулга нь бий. Энэ хүмүүс юунд явж байгаагаа мэдэхгүй. Өдөрт 200,000 төгрөгөөр, өдрийн гурав хоолтой, зочид буудлаа даалгаад хэвтчихсэн. Манай компаниас дөрөвдүгээр сараас хойш зэс хулгайлагдаж байгаа. Хулгайлагдсан зэсийн мөнгөөр энэ хүмүүсийг санхүүжүүлж байна. Үүний цаана Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг гэсэн толгойтой МАНАН байгаа" гэлээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
