"Хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүд хариуцлага хүлээхгүйгээр мултрахгүй. Гэхдээ эргэн нийгэмших орон зайг нь үлдээх ёстой"
Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан "Цахим орчинд тарж буй болсон явдал нь үе тэнгийн дээрэлхэлтээс хальсан, гэмт хэргийн шинжтэй үйл явдал болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүүхдүүд хариуцлага хүлээхгүйгээр мултарна гэх асуудал олон нийтийн сүлжээнд тархаж байна. 14 нас хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай гэдгийг албан ёсоор дуулгая.
Мөн тэмдэглэл хийх асуудлыг олон нийт ярьж байна. Үүнийг хийж болно. Гэхдээ зөвхөн хүүхдийг сурган хүмүүжүүлж, засах, нийгэмшүүлэх зорилгоор тэмдэглэгээ хийж ашиглана. Түүнээс биш их дээд сургуульд орох, гадаадад зорчих эрхийг нь хязгаарлаж болохгүй. Хүүхэд хариуцлагаа хүлээнэ. Эргэн нийгэмших орон зайг нь үлдээх ёстой" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэдгийг 30 минут зөвлөгөө өгөх хэмжээгээр төсөөлж болохгүй. Хүүхэдтэй урт хугацаанд ажиллах хэрэгтэй. Хүүхдийн орчин буюу анги хамт олон, гэр бүлтэй нь ажиллах ёстой. Зөвхөн гэр бүлд нь найдаад орхиж болохгүй. Зарим тохиолдолд эцэг эхээс нь ч хамгаалах хэрэгтэй болно. Иймд хүүхэд хамгааллын баг үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч учир хүний өөрийн гэлтгүй урьдчилан сэргийлж холбогдох байгууллагуудаас шаардах ёстой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
