Хоёр жилийн дараа ашиглалтад орно гээд байгаа Туулын хурдны замаар зорчих тооцоот хурдыг 100 км/цагаар тогтоожээ

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 15-наас Туулын хурдны замын барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлүүлэх гэж буй. Тус замыг барих үеэр байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар байнгын ашиглалтад байх хоёр кемпийг барих ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

Үндсэн трасс дагуух түр замын ажлыг гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн бол газар шорооны ажлын хүрээнд хөрс хуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр улаан шугамаа хүлээлцжээ.

Тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төслийг дуусгаж, тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулахаар төлөвлөжээ.

Замын гүүрний дам нуруу цутгалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс, гүүрний барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэх юм байна.

Туулын хурдны зам нь зургаан эгнээ 32 км урт бөгөөд Налайхын замын Улиастайн буцаж эргэх хэсгээс эхлэн Дархан болон Эмээлтийн авто замын огтлолцох уулзвар хүртэл үргэлжлэх бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, уг замаар зорчих тооцоот хурдыг 100 км/цаг байхаар тогтоожээ.

Тооцоот хурд гэдэг нь авто зам, гүүр, төмөр зам зэрэг дэд бүтцийн байгууламжийг төлөвлөх, барихад ашигладаг, аюулгүй зорчихыг хангах хамгийн өндөр хурдыг хэлдэг байна.