Франц талх, нарийн боовны алдарт брэнд PAUL Монголд албан ёсоор нээгдлээ
Франц талх, нарийн боовны алдарт PAUL брэнд Монгол дахь салбараа Төв талбайн зүүн талд байрлах "Central Tower"-ийн нэгдүгээр давхарт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр (2025.06.07) албан ёсоор нээлээ.
PAUL брэнд нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон сүлжээ бөгөөд нийт 800 гаруй салбар нь 56 орчим улсад ажиллаж байна. Үүнээс 390 гаруй салбар нь Францад, харин 400 орчим нь олон улсад буюу гадаад орнуудад байрладаг аж.
"сэндвич маань 4 цагийн хугацаанд тавигдаад зарагдаагүй бол буцаагаад хурааж авдаг"
PAUL Mongolia салбарын онцлогийн талаар PAUL Mongolia рестораны маркетингийн менежер Г.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "PAUL брэнд нь 1889 онд Францаас үүсэлтэй.
Манай ресторан бүтээгдэхүүнүүдээ Францаас чанарын өндөр түвшинд авч ирдэг. Үйлчлүүлэгчдэдээ Франц соёлыг харуулах үүднээс рестораны интерьер дизайн болон гадна терас, хөгжмөө Парис хотод байгаа мэт тохижуулж, содон уур амьсгал бүрдүүлэхийг хичээн ажиллаж байгаа. Та бүхэн манайд орж ирсэн цагаасаа дэлхийн стандарт нийцсэн үйлчилгээг авах боломжтой.
Бид одоогоор 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа бөгөөд улирлынхаа онцлогт тааруулж шинэ бүтээгдэхүүнүүд гаргадаг. Үйл ажиллагаа маань 24 цаг зогсолтгүй үргэлжилдэг. Шөнийн цагаар өглөөнийхөө талхны бэлдцийг бэлддэг.
Жишээлбэл сэндвич маань 4 цагийн хугацаанд тавигдаад зарагдаагүй бол буцаагаад хурааж авдаг. Хэрэв та манайхаар үйлчлүүлбэл Францын уламжлалт талх, круассан зэргийг амталж үзээрэй. Мөн оройн цагаар ирвэл оргилуун дарс болон виногоор үйлчлүүлэх боломжтой" гэв.
"Франц талхны гадна тал шаржигнасан байх ёстой. Ингэснээр дотор талдаа маш чийглэг, зөөлөн, хөвсгөр болж өгдөг"
Үргэлжлүүлэн PAUL Mongolia рестораны ахлах тогооч А.Болдбаатар "PAUL брэнд нь үе дамжин уламлагдаж ирсэн бизнес учраас тодорхой хугацааны үе шаттай хөгжсөн. Саяхнаас ресторан буюу халуун хоолтой болсон.
Манай гал тогоо Азийн тивдээ хамгийн томд тооцогддог бөгөөд үндсэн гурван хэсэгтэй. Талхны, амттан нарийн боовны, халуун хоолны гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн. Манайд жилд 2-3 удаа олон улсын аудитын шалгалт орж ирдэг учраас эрүүл ахуйн шаардлагын стандартыг бүрэн хангасан.
Франц талхны гадна тал шаржигнасан байх ёстой.
Ингэснээр дотор талдаа маш чийглэг, зөөлөн, хөвсгөр болж өгдөг. Европчууд талхны гадна талын хоржигносон зүйлийг амтлах дуртай байдаг. PAUL Mongolia ресторанд гэр бүлээрээ орж ирвэл илүү тохь тухтай мэдрэмж төрүүлнэ.
Ресторан нь дэс дараалал гэсэн үгнээс гаралтай. Хэрэв та манайхаар үйлчлүүлбэл амттан сонгож уух зүйлээ захиалаад, халуун хоолоо хүлээх зуураа круассант, сэндвич идэж үзээрэй" хэмээн ярилаа.
PAUL брэнд нь үндсэн дөрвөн зүйлийг өөртөө шингээсэн байдаг. Үүнд:
- Эрүүл хүнс ба шим тэжээл: Цагаан хоолтнуудын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүний төрөл зүйлээ нэмэгдүүлж, хүн бүрд илүү хүртээмжтэй, эрүүл сонголтыг санал болгодог. Хоол хүнсний шим тэжээлийн зохистой хэм хэмжээг дэмжих замаар хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлдэг. Химийн гаралтай өнгө, амт оруулагч бодисыг хориглон, байгалийн цэвэр гаралтай найрлагыг чухалчилдаг. Ойн экосистемд сөргөөр нөлөөлдөг пальмын тосыг бүтээгдэхүүндээ ашигладаггүй.
- Тогтвортой байгаль орчин: Францын улаан буудайг сонгосноор гарал үүслийн ил тод байдал, чанар, дотоодын хөдөө аж ахуйн салбарыг дэмждэг. Сав баглаа боодлын байгальд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дахин боловсруулалт болон хариуцлагатай хэрэглээг дэмждэг. Байгаль орчин, нийгмийн хариуцлагыг хангасан гарал үүсэлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн кофе ашигладаг.
- Нийгмийн хариуцлага ба олон нийт: Тусламж, нийгмийн дэмжлэг үзүүлэх кампанит ажил, буяны үйлсийг тогтмол дэмждэг. Хүн бүрд ажлын байрны хүртээмжийг хангах, тэгш боломж бүрдүүлэхийг зорьдог. Мал, амьтдын тав тух, эрх ашгийг дээдлэх зарчмыг сахин биелүүлдэг.
- Хүнсний хог хаягдалгүй, хариуцлагатай хэрэглээ: Хүнсний хог хаягдлыг бууруулахын төлөө тэмцэж, үлдэгдэл бүтээгдэхүүнийг дахин ашиглах, хандивлах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Шим тэжээл, байгаль орчин болон олон нийтийн сайн сайхны төлөө амлалт өгч, түүнийгээ тууштай биелүүлдэг.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




































