Уншиж байна ...
Зураг
Зураг

2017-2023 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 8,860 авлигын гэмт хэрэг байгаагаас 739 нь шүүхээр шийдвэрлэгджээ

М.Батчимэг, ikon.mn
17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл авлигын хэргүүдэд авч байсан арга хэмжээ хуулиудын талаар дараах зүйлсийг онцлон танилцуулав.  

  • 2013-2017 оны хооронд албан тушаалын гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээ ₮299.8 тэрбум, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ ₮20.3 тэрбум, битүүмжилсэн хөрөнгө, орлогын хэмжээ ₮85.7 тэрбум байжээ. Гэтэл үүнээс шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдэж олсон 400 сая төгрөгийн хөрөнгө орлогыг хураан авсан ба энэ нь нийт учирсан хохирлын 0.1%, битүүмжилсэн хөрөнгийн 0.4%-тай тэнцэж байгаа аж. 
  • 2018-2023 онд авлигын гэмт хэргийн улмаас ₮1.5 их наядын хохирол учирч, ₮865.9 тэрбум хөрөнгө орлогыг битүүмжлэн ₮14.9 тэрбум хөрөнгө орлогыг прокурорын хяналтын шатанд хураан авсан байна. Мөн онуудад шүүхийн шийдвэрээр хөрөнгө, орлого хураан авсан тоо мэдээгүй гараагүй байна. 

"Хууль бусаар олсон мөнгөөрөө бизнес хийдэг болсны улмаас бизнесийн орчинд шударга өрсөлдөөн байхгүй болсон"

Үүний үр дүнд албан тушаалтнууд хөрөнгөжсөн. Ард түмэн хууль, төрдөө итгэхээ больсон, сонгуулиар мөнгө тараадаг болсны улмаас сонгуульд өөрсдийн үзэл баримтлал, үнэнч шударгаар оролцож байгаа хүмүүс ялахад туйлын хүнд болж улс төр бохирдсон. Эдийн засгийн өсөлт буурсан.

Хэн нэгэн хүн хууль бусаар олсон мөнгөөрөө бизнес хийдэг болсны улмаас бизнесийн орчинд шударга өрсөлдөөн байхгүй болсон. Ядуурал нэмэгдсэн. Тендерийг ах дүү, найз, танил талдаа өгөх байдал хавтгайрсны улмаас төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдсан гэдгийг тэрбээр онцлов. 

2017-2023 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 8,860 авлигын гэмт хэрэг байгаагаас 739 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн буюу авлигачдын 8.3 хувь нь л шүүх дээр очсон байна.