Н.Алтанхуяг: Зэсийн үнэ өсөж байгаа цаг үед АМНАТ-ийг гурав дахин бууруулна гэлээ. Г.Дамдинням хэний эрх ашигт үйлчилж байна вэ
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үндэсний их баяр наадам болох гээд хөл хөдөлгөөнтэй үед баахан олон хууль хэлэлцэхээр сунаж хуралдах гэж байна. Улс орны эдийн засагт ноцтой асуудал үүссэн үед тухайн асуудлыг шийдэх зорилгоор хуулийн төслийг өргөн бариад яаралтай горимоор хэлэлцэж болдог.
Наадам дөхсөн чинь яаралтай хэлэлцэх хуулийн тоо олон болж, түүхий юм боллоо. Яаралтай горимоор хэлэлцэхээр хэлэлцүүлэг хөнгөн шингэн болж өнгөрдөг. Наадам дөхсөн учраас асуудлыг ийм байдлаар шийдэж болохгүй.
Тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг наадам дөхүүлж байгаад хөнгөн шийдэж болохгүй, яаралтай горимоор шийддэг ч хууль биш.
Манай бүлгийн гишүүн О.Алтангэрэл Хөрөнгө хураах тухай хууль санаачилсан. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураая гэдэг хууль өргөн бариад нэг жил гаруй болоход хэлэлцдэггүй. Яасан бэ гэхээр манай Засгийн газар хууль боловсруулж байна, намраас өргөн барина гэдэг. УИХ-ын гишүүний өргөн барьсан хуулийг Засгийн газрын хууль болгох гээд дараад сууж байх хооронд хулгай дээрэм гаарч байна
Би Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал ярих гэж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж байхад тэргүүн шадар сайдаар ажиллаж дэмжиж ирсэн. Хамгийн анхны ногдол ашгийг 2019, 2020 онд авна гэж байсан. Гэтэл өнөөдөр маргалдсаар байна, ногдол ашиг ирдэггүй. Зургаан жил өнгөрчихсөн байхад ногдол ашиг авахгүй сууж байна гэдэг хэцүү.
Иргэдийн тэмцэж байгаа зүйл зөв зүйтэй. Үүний Засгийн газар үгүйсгэх бус иргэдийн дэмжлэгтэйгээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар зээлийн хүү, хуримтлагдсан хүүг нэг мөр шийдвэл бид өнөөдөр ногдол ашиг авах боломжтой болно.
Оюутолгой энэ жилийн урьдчилсан дүнгээр таван тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Ингээд 34 хувьд ногдох ашгаа авбал 1.5 тэрбум ам.доллар болно.
Оюутолгой бол Эрдэнэтээс дөрөв дахин том орд. Эрдэнэт 120 мянган тонн цэвэр зэс гаргадаг, Оюутолгой бол 500 орчим мянган тонн цэвэр зэс гаргана. Айлтай хамтарч юм хийчхээд нөгөө айл нь мөнгөө аваад байдаг, манайх болохоор хэдэн цаастай.
Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар өргөн барьсан. Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулсан. Энэ хууль Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх ёстой. Гэтэл "Онтрэ гоулд" ХХК-тай гэрээ хэлцэл хийж буй цаг үед АМНАТ-ийг гурав дахин бууруулна гэж орж ирлээ. Энэ хэний эрх ашигт үйлчилж байгаа вэ.
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөөд 10 гаруй мянга болчихсон явж байхад айлын талд үйлчлээд гурав дахин бага болгоод өгье гэдэг бол Монголын ард түмний эсрэг үйлдэл. Энэ хуулиа татаж авахгүйгээр наадмын үеэр батлах гэж байгаа бол намар өөр асуудлууд үүснэ.
МАН-ын бүлэг дээр АМНАТ-ийг өөрчлөхгүйгээр бусдыг нь яръя гэсэн байсан. Гэтэл яг тэр хэсгийг татаж аваагүй тохиолдолд хөл хөдөлгөөнтэй үед батлаад хаячихна. Туулын хурдны замыг баяр наадмын үеэр УИХ баталсан гэж буруутгаж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

