12 жил нөхрийнхөө хараа хяналт дор хоригдож байсан франц эмэгтэйг Пакистаны эрх баригчид чөлөөлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пакистаны цагдаа нар арван хоёр жилийн турш эхнэр, хүүхдүүдээ хорьж, хүчирхийлж байсан эрэгтэйг баривчилжээ.

Түүний эхнэр Францын иргэн Сильви Ясмина хүүхдүүдийн хамт өдөр бүр бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл амсаж байснаа мэдүүлсэн байна.

Тэдний нэг хүү гэрээсээ оргож, гадаад ертөнцтэй холбогдож чадсаны ачаар уулархаг Хайбер Пахтунхва мужийн алслагдсан хот Бара дахь гэрт нь цагдаа нар очжээ.

Биеэрээ дүүрэн зодуурын шарх, хөхрөлттэй Ясмина болон түүний таван хүүхэд маш хүнд нөхцөлд хоригдож байсныг цагдаа нар олж, улмаас Пешавар дахь эмэгтэйчүүдийн асрамжийн газарт хүргэсэн байна.

Тэд удахгүй Франц руу явахаар төлөвлөж буйг албаны эх сурвалж мэдээлжээ.

54 настай Ясминагийн өгсөн мэдүүлгээр бол 2014 онд Австралиас Пакистанд шилжиж ирснээсээ хойш тэр хүүхдүүдийн хамт нөхрийнхөө хоригдол болсон байна.

Тэдний хоёр том хүүхэд сургуулиасаа гарсан бол Пакистанд төрсөн бага гурав нь хэзээ ч сургуульд ороогүй байсан гэнэ.

Австралид хууль бусаар амьдарч байсан нөхөртэйгөө Ясмина 2003 онд гэрлэж, 2014 оныг хүртэл хэвийн амьдарч байжээ. Харин Пакистанд нүүж ирснээсээ хойш тэр гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан юм байна.

“Бид бүх эрх чөлөөгөө хасуулж, өдөр бүр зодуулж, зовдог байсан. Миний ирээдүй аль хэдийн сүйрсэн. Хүүхдүүдийн маань ирээдүй ч бүрхэг байна” гэж Ясмина ярьсныг цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Пакистаны эрх баригчид одоогоор түүний нөхөр хэн болохыг нийтэд мэдээлээгүй байна.

 

Эх сурвалж: BBC