Баасан гарагийн өглөө Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын бохирдол, өтгөн манан хавсарсны улмаас үзэгдэх орчин их хэмжээгээр хязгаарлагдаж, зам тээврийн хөдөлгөөнд томоохон саатал үүсжээ.
Энэ үеэр 150 гаруй нислэг саатаж, төмөр замын аяллуудыг түр зогсоосон байна.
Жил бүрийн арван хоёроос нэгдүгээр сарын хугацаанд хүйтэн сэрүүн цаг агаарын улмаас Дели хотын агаарын чанар эрс мууддаг. Өчигдөр өглөөний байдлаар тус хотын олон хэсэгт агаарын бохирдлын үзүүлэлт 400 түвшнээс давж, үзэгдэх орчин бараг тэгтэй тэнцсэн байна.
Энэ бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон стандарт үзүүлэлтээс 25 дахин өндөр бохирдол юм.
“Дели хотын нисэх буудал хэвийн ажиллаж байгаа ч CAT III стандартын дагуу зарим нислэгүүдийн хөөрөх, буух үйлдлийг хойшлуулаад байна” гэж нисэх буудлын захиргаа мэдэгджээ.
CAT III нь нисэх онгоц буух үед тавигддаг үзэгдэх орчны шалгуур үзүүлэлт юм.
Үүнээс гадна Дели хотод ирэх байсан 26 чиглэлийн галт тэрэг өчигдөр өглөө үзэгдэх орчинтой холбоотой саатлын улмаас хугацаанаасаа хоцорч иржээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор авто замын ослын дуудлага бас нэмэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бороо орох магадлалтай тул үзэгдэх орчин сайжрах хүлээлттэй байгааг Дели хотын эрх баригчид мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!