Уншиж байна ...
Зураг
Зураг

Гал түймэрт өртсөн Лос-Анжелесын нөхцөл байдлыг ерөнхийлөгч Жо Байден дайны талбартай зүйрлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гал түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа Лос-Анжелес хотын нөхцөл байдлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзсан байна.

Энэ үеэр тэр хотын нөхцөл байдлыг дайны талбартай зүйрлэж, гамшгийг далимдуулан дээрэм тонуул гарах болсон талаар мэдээлжээ.

“Бөмбөгдүүлсний дараах мэт дүр зураг надад дайныг санагдуулж байна. Бараг л тулааны талбар шиг харагдаж байна” гэж тэр хэлсэн юм.

Орон нутгийн эрх баригчид дээрэм тонуул гарахаас сэргийлэхийн тулд Лос-Анжелесын зарим хэсэгт шөнийн цагаар хөл хорио тогтоож, холбооны засгийн газар Үндэсний Гвардын дайчдыг дэг журам сахиулахаар илгээснийг Байден энэ үеэр мэдээлжээ.

“Хулгай дээрэм гарсныг батлах тодорхой баримт бий. Дүрвэсэн иргэдийн орон гэрийг тоносон тохиолдлууд байна” гэж тэр хэлсэн юм.

Ерөнхийлөгч бас уг гамшгийг далимдуулан хуурамч ташаа мэдээлэл тарааж, ашиг хонжоо хайж буй этгээдүүд байгааг шүүмжилсэн нь цаагуураа ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трампыг хэлсэн хэрэг байв.

зураг
 

Лос-Анжелес бол АНУ-ын хоёр дахь том хот бөгөөд тус хотын ойр орчимд гарсан ой хээрийн түймэр хүчтэй хуурай салхины улмаас Мягмар гарагт иргэдийн суурьшлын бүсэд нэвтэрч эхэлсэн юм.

13 сая оршин суугчтай Лос-Анжелес сүүлийн найман сар гаруй хугацаанд хур тунадас үзээгүй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийн түрүүч нь Баасан гарагт шатсан гэр орныхоо балгас дээр буцаж ирсэн юм.

Өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд 12,000 гаруй байшин барилга галд шатжээ.

Лос-Анжелес хотын төвөөс хойд зүгт 40 км орчим зайд анх хүмүүсийн суурьшлын бүсэд нэвтэрсэн түймрийн учир шалтгааныг одоогоор олж тогтоогоогүй байна.

Сүүлийн байдлаар 10 хүн гал түймрийн улмаас амь насаа алдсан нь тогтоогдсон бөгөөд энэ тоо цаашид өсөх магадлалтай байгаа.

Хотын захиргаа өчигдөр сураггүй алга болсон хүмүүсийг мэдээлэх төв байгуулжээ.

Нийтдээ 150,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Түймэрт шатсан газрын талбай 145 хавтгай дөрвөлжин километр хүрсэн байна.

Эрх баригчид одоогоор хохирлын мөнгөн дүнг тооцоолж гаргаагүй байгаа ч хувийн компаниудын тооцоолсноор олон арван тэрбум доллар хүрэх төлөвтэй байгаа юм.

Зарим хорооллуудын ус түгээх систем эвдэрсэн нь гал унтраах ажилд саад болсон байна. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом өчигдөр уг асуудлыг мөрдөн шалгах даалгавар өгчээ.

Энэ удаагийн гамшиг Лос-Анжелес хотын түүхэнд хамгийн их хохирол учруулсан гал түймэрт тооцогдож байна.

 

Эх сурвалж: AFP