Свен Вернер: Улаанбаатар хотын хуучин орон сууцнуудыг эрдэс хөвөн, металл фасадаар дулаалснаар насжилт 30 хүртэл жилээр уртасна

Д.Янжиндулам, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2023-2027 он хүртэл нийслэл хотын 1,077 угсармал орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэхээр болоод буй.

Энэ хүрээнд “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 8 сая евро, нийслэлийн 6.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа аж.

2025-2026 онд 115 блок угсармал орон сууцыг дулаалахаас эхний ээлжийн 45 барилгыг дулаалж байгаа бөгөөд эрдэс хөвөн, металл фасад, хөнгөн цагаан рамыг ашиглаж байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ.

Дулаалгын төсөлд фасадаас гадна угсармал орон сууцны дээврийн дулаалга хийх, дээврийг мембранаар солих, узелийг шинэчлэх гэнэ.

Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дулаан техникийн засвар, шинэчлэлийн гүйцэтгэл хариуцсан менежер Свен Вернер “Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хуучин орон сууцнуудыг дулаалахаар төлөвлөж байна. Дулаалгын зорилго нь эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийг бууруулахад чиглэнэ.

Бид сонгогдсон дүүргүүдийн эхний барилгуудыг дулаалаад явж байна. Дулаалга шинэчлэлийн ажил хийснээр агаарын бохирдлыг бууруулах, дулааны эрчим хүчийг хэмнэх, барилгын үнэ цэн нэмэгдэх, барилга байгууламжийн насжилтыг багадаа 30 хүртэл жилийн хугацаагаар уртасгах үр дүнтэй” хэмээв.

Төсөлд хамрагдаж байраа дулаалуулах иргэд дараах шаардлагыг хангана.

  • Улаанбаатар хотод байрлалтай угсармал орон сууцны барилга байх
  • Газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийлгэж, шаардлага хангаж тэнцсэн байх
  • Тухайн байрны оршин суугчид нийт хөрөнгө оруулалтын зардлын 25 хувийг 10 жилийн хугацаанд төлөх нөхцөлийг 100 хувь дэмжиж, зөвшөөрсөн байх
  • Төсөлд хамрагдах хүсэлтэй орон сууцны оршин суугчид СӨХ-өөрөө дамжуулан төслөөс гаргасан “Зөвшөөрлийн хуудас”-ыг орон сууцны эзэмшигч бүрээр гарын үсэг зуруулж, төслийн оффист хүргэж өгнө.

Мөн dulaanbair.mn сайтаас мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой байна.

Нийслэл хотод 2018-2025 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтдээ 370 блок барилгыг дулаалжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс