Уншиж байна ...

Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блокийг дулаалахад нийслэлийн төсвөөс ₮9.8 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудыг 2022 оноос эхлэн дулаалж эхлээд буй. Уг ажил энэ онд үргэлжлэх эсэх болон санхүүжилтийн талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодрууллаа.

-Угсармал орон сууцны дулаалга энэ онд үргэлжлэх үү, хэрэв тийм бол аль байршлын орон сууцнуудыг дулаалах вэ?

-"Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, УБЗАА, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(GIZ) байгууллагын дундын санхүүжилтээр "Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах" төслийг хэрэгжүүлж байна. 2022 онд анх төслийг эхлүүлэхдээ 375 орчим блок барилгыг дулаалж ТЭЦ-2-ын хэмжээний 60 МВТ дулааныг хэмнэе гэж тооцоолсон. Гэтэл төслийг эхлүүлэх гэж байх үед нийслэл хотод коронавирусийн халдварт өвчин гарч барилгын бараа материалын үнэ өсөж 210 орчим блок барилгыг дулаалахаар болсон юм.

Энэ жилийн хувьд угсармал орон сууцыг галд шатдаггүй нягтаршил сайтай эрдэс хөвөн, гадна талын фасадыг металл буюу зэвэрдэггүй төмрөөр чанартай дулаална. Ингэхдээ иргэдээс санхүүжилтийн 25%-ийг авах тул угсармал орон сууцыг дулаалахдаа хамгийн түрүүнд оршин суугчид болон СӨХ-ноос зөвшөөрөх эсэх тухай санал авна.

Өнгөрсөн жил 97 блок барилгын оршин суугчдаас санал авахад бүгд төсөлд хамрагдахыг зөвшөөрсөн тул 2025 оны арваннэгдүгээр сард тендер зарласан. Учир нь 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгыг дулаалах зургийг тухайн оны есдүгээр сард Барилгын хөгжлийн төвөөс магадалж баталгаажуулсан тул тендер зарлаж, 45 блок барилгыг дулаалах гүйцэтгэгч шалгарч ажлаа эхэлсэн. Эдгээр 45 блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум, GIZ-ээс 18 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна.

Энэ онд угсармал орон сууцнуудыг дулаалах төсөлд нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнгөрсөн жилийнхтэйгээ нийлээд 16.5 тэрбум, GIZ 25.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж, 100 орчим блок барилгыг шинээр дулаална. 

2026 онд нийслэлийн төсвийн 9.8 тэрбум төгрөгөөр угсармал орон сууцыг дулаалах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана.

-Орон сууцаа дулаалуулж байгаа оршин суугч нар сард хэдэн төгрөг төлөх бол?

- Орон сууцны нэг м.кв талбайг дулаалах үнэ дунджаар 800 орчим төгрөг болж байгаа. Өрөөний тооноос хамаарч айл бүрийн сард төлөх төлбөр өөр, өөр байна. Орон сууцны дулаалгад оршин суугчид сард дунджаар 20,000 орчим төгрөг төлөх тооцоолол гарсан. Энэ нь хүйтэн байранд амьдардаг иргэд ханиад хүрэх, нэмэлт паар тавих, цахилгаан халаагуур залгах зэрэгт зардал гаргахгүй болж байгаа болохоор ашигтай тусаж байгаа юм.

Уг төсөл нь дулаалга, фасадаас гадна орон сууцны дээвэр, подвалийн буюу узелийн өрөөг шинэчлэх болохоор оршин суугчидтай уулзалт зохион байгуулах үеэр төсөлд хамрагдана гэдгээ илэрхийлж байна. 

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн угсармал орон сууц байгаагаас хэдийг нь дулаалсан бэ?

- Улаанбаатар хотын хэмжээнд 1,077 угсармал орон сууцны блок барилга бий. 2022 онд "Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах" төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 370 блок барилгыг дулаалсан байна. Эдгээр барилгыг дулаалахдаа хөөс, шавар материалыг ашиглаж байсан.

Энэ оноос нийслэлийн хэмжээнд орон сууцны дулаалгыг хөөсөөр хийхгүй, эрдэс хөвөн, металл фасад ашиглахыг НЗД-ын зүгээс нийт удирдах ажилтнуудад танилцуулсан.