"Монгол Улсын нэг сая гаруй иргэнийн хувийн мэдээлэл олон улсын хар зах дээр $650 зарагдаж байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор холбогдох байгууллагуудад гомдол гаргасан"
Ардчилсан Нам (АН)-ын сайтад нэвтрэхдээ регистрийн дугаараа оруулснаар тухайн иргэний оршин суух хаяг харагдаж байгаа талаар нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан юм. Тэгвэл энэ асуудлаар иргэн З.Баяндаваа шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан талаар сэтгүүлчдэд тайлбарлав.
Тэрбээр "Сүүлийн үед иргэдийн хувийн нууцтай холбоотой асуудал их яригдаж байна. Компаниуд цахим хуудсаараа дамжуулан хүний хувийн мэдээллийг авдаг. Үүнийгээ хадгалж чадалгүй алдсан тохиолдол бий. Саяхан нэг эмнэлгийн байгууллага үйчүүлэгчдийнхээ өвчний мэдээллийг алдсан. Тухайн мэдээлэл нь хар зах дээр $30,000 зарагдаж байна гэсэн мэдээлэл цахим орчноор тарсан.
Тэгвэл үүнтэй төстэй үйл явдал саяхан боллоо. Тодруулбал АН-ын гишүүддээ зориулсан цахим платформ хөгжүүлэх явцдаа An.mn болон аппликэйшнээр дамжуулаад сонгуулийн насанд хүрсэн хоёр сая гаруй иргэнийн мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан. Гишүүдийнхээ мэдээллийг тус нам ашиглаж болно. Гэхдээ дурын этгээд хэн нэгний эсвэл өөрийнхөө регистрийг хийхээр хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй.
Эндээс хувийн мэдээллийг нээлттэй байдлаар тавьсан уу, тухайн мэдээллийг нам яаж олж авсан бэ гэдэг асуудал яригдаж байна.
АН-ын эрх бүхий албан тушаалтнууд үүнийг тайлбарлахдаа "Бид УИХ-ын тухай хуулийн 20.15-д заасны дагуу мэдээлэл олж авсан. Үүнийгээ ашиглаж байгаа нь хууль зөрчөөгүй" гэв.
Гэхдээ Сонгуулийн тухай хуулийг дагасан тусгай журам батлагддаг. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар болон Тагнуулын Ерөнхий Газрын дарга нарын тушаалаар тус журамд зааснаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулахдаа регистрийн дугаар огт ашигладаггүй. Иргэнийн бүртгэлийн дугаар л ашигладаг.
Харин регистрийн мэдээлэл оруулахаар хувийн мэдээлэл гарч ирээд байгаа нь өөрөө асуудал болж байна.
Мөн уг мэдээллийг нууцын гэрээ байгуулсны дотор тухайн улс төрийн намуудад өгдөг. Түүнчлэн сонгууль явагдсанаас хойш гурав хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх үүрэгтэй. Дээрх хугацаанд уг мэдээллийг цаашид өөр зорилгоор ашиглахаар олшруулахгүй, хадгалахгүй байх ёстой.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн мэдэгдэлдээ "Бид эмзэг мэдээлэл задруулаагүй" гэсэн байна. Эмзэг мэдээлэл гэдэг бол хүний генетикийн болон биохимийн мэдээлэл, хүйсийн чиг баримжаа, үндэс угсаа, гарал гэх мэт орно. Хүний хувийн мэдээлэл дотор эмзэг мэдээллийг багтаагаад нэр, овог, оршин суугаа хаяг ордог. Өөрөөр хэлбэл хувийн мэдээлэл алдагдсан байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж буй.
Саяхан үүнтэй холбоотойгоор цахим орчинд Монгол Улсын нэг сая гаруй иргэнийн хувийн мэдээллийг хар зах дээр $650 зарж байна гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. АН хоёр сая гаруй иргэнийн мэдээллийг хаанаас хэрхэн авсныг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ мэдээллийг задруулснаар ямар хуулийг зөрчиж байгааг, мөн хар зах дээр үнэхээр иргэдийн мэдээлэл зарагдаж байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор Хүний Эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон цахим яаманд хандаж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
