"Уламжлалт морин уралдааныг спорт, бизнесийн чиглэлийн уралдаанаас эрх зүйн хувьд тодорхой ялган ангилах хэрэгтэй байна"

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Аливаа зүйлийг хориглохоор нуугдмал байдалд орчихдог. Нуугдмал байдалд орж байгаа уралдаан, сунгаа зэрэгт төрийн хяналт байхгүй байна. Хулгайгаар хийж байгаа учраас цагдаа, мал хүн эмнэлэг болон хүүхдийн төлөө байгууллага ч очиж чадахгүй байна. Нээлттэй байгаад зарчмыг нь зааж өгөөд хууль, дүрэм журмаар нь хатуу заагаад өгчихвөл асуудал гардаггүй юм гэдгийг тус холбооноос онцлов. 

Хойч үедээ үндэсний өв соёлыг зөв төлөвшүүлэх зорилгоор тус холбооноос дараах уриалгыг гаргасан байна. 

Уриалгын товч агуулга: 

Үндэсний их өв соёл түүний нэгэн мөчир морин уралдааны соёлыг хамгаалж, бие даан хөгжүүлэх тухай: Монголчуудын дэлхийд данслагдсан үндэсний их өв соёл болох үндэсний морин уралдаанд тулгарч буй сорилт, эрх зүйн зөрчил, хөгжлийн чиг баримжааны тодорхойгүй байдлыг оновчтой шийдвэрлэх зорилгын хүрээнд Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” уяачдын холбооноос зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Улс, аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөн”-өөс дараах бодлого, зарчмыг санал дэвшүүлж, Монголын нийт уяачид, төрийн болон төрийн бус байгууллагуудыг эв санаагаа нэгтгэн хамтран ажиллахыг уриалж байна.

Үндэсний уламжлалт морин уралдааны тусгай эрх зүйн ангиллыг бий болгох

Нэг. Үндэсний уламжлалт морин уралдааны эрх зүйн тусгай ангиллыг бий болгох. Монгол адууг бага насны хүүхдээр унуулан алсын зайд уралдуулдаг уламжлалт морин уралдаан нь спортын, бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлийн уралдаанаас мөн чанарын хувьд ялгаатай, нүүдэлчдийн соёлын өвийн бүрэлдэхүүн хэсэг мөн.

Иймд:

  • 1.1 Улс, аймаг, сумдын Үндэсний их баяр наадмын морин уралдааныг 2026 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн уралдах морьдыг MNS 4099:2025 стандартын дагуу ялган бүртгэх үндэсний хэмжээний нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.
  • 1.2 Нүүдэлчин ардын уламжлал, зан заншлын хүрээнд сум, орон нутагт иргэдийн санаачилгаар зохион байгуулдаг (цагаан сар, овоо тахилга, шинэ гэр, хүүхдийн үс үргээх, алдар гавьяа тэмдэглэх зэрэг) морь уралдуулах уламжлалт зан үйлийг Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан соёлын өвийг хамгаалах, уламжлалаа дээдлэх суурь зарчимд нийцүүлэн “Үндэсний уламжлалт соёлын өвийн тусгай хэлбэр” гэж хүлээн зөвшөөрч, спорт, бизнесийн шинжтэй морин уралдаанаас эрх зүйн хувьд ялган ангилж, хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийн хамгаалалтыг хангасан аюулгүй байдлын тусгай шаардлага, зохицуулалтын хүрээнд захиргааныерөнхий хоригт хамруулахгүй байх тусгай зохицуулалтыг хууль тогтоомжид тусган баталгаажуулах асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

Морин уралдааны тухай иж бүрэн хууль батлуулах

Хоёр. Морин уралдааны тухай иж бүрэн хууль батлуулах тухай: Үндэсний уламжлалт Морин уралдааныг хамгаалан хадгалахтай зэрэгцүүлэн, орчин үеийн морин уралдааны төрлүүдийг спорт, бизнес, аялал жуулчлалын чиглэлээр зохистой хөгжүүлэх эрх зүйн харилцааг иж бүрнээр зохицуулсан "Морин уралдааны тухай хууль"-ийг Улсын Их Хуралд энэ хаврын чуулганаар хэлэлцэн баталж мөрдүүлэхийг уриалж байна. Уг хуульд дараах бодлогын зарчмыг тусгахыг санал болгож байна:

  • 2.1 Монгол адууны генийн судалгааг бүрэн хийж баталгаажуулах, бүртгэлжүүлэх үндсэн монгол адуугаараа бахарах үнэт зүйлийг хойч залуу үедээ зөв төлөвшүүлэх ажлыг шат шатны байгуулагууд хамтын шийдвэрээр үлгэрлэн ажиллах
  • 2.2 MNS 4099:2025 стандартад тэнцсэн адууг бүрэн бүртгэлжүүлэн 8-13 насны хүүхэд унах, бусад ангилалын адууг 14 дээш насны мэргэшсэн уралдаанчаар унуулж уралдуулах; мэргэжлийн сургалт, гэрчилгээжүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэх.
  • 2.3 Морин уралдааныг ямар ямар ангиллаар дагнан зохион байгуулах; хооронд нь хольж уралдуулахгүй байхыг хориглох.
  • 2.4 Адууг спорт, бизнесийн чиглэлээр насны ангиллаар зохион байгуулж, амжилтыг холбогдох цол, болзолд хамааруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Уяачдын ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх

Гурав. Уяачдын ёс зүй, хариуцлагын манлайлал: Морь уяж, уралдуулж буй нийт уяачид Дараах зарчмыг үнэт зүйл болгон хэвшүүлэхийг уриалж байна:

  • 3.1 Уламжлалт нүүдэлчдийн Жам хийгээд Ёс болон Төрийн хууль, дүрэм, журмыг чанд мөрдөж, төрөөс гаргасан шийдвэрийг хуульчлан биелүүлж ёс зүйтэй уралдуулах зарчмыг ухамсартайгаар хэрэгжүүлэх. 3.2 8-13 насны хүүхдээр зөвхөн үндэсний уламжлалт морин уралдаанд, бусад ангиллын уралдаануудад цаашид мэргэжлийн уралдаанчаар унуулдаг тогтолцоонд шилжихийг дэмжих.
  • 3.3 Орчин үеийн уяа сойлгын арга барилыг эзэмшихийн зэрэгцээ Монгол уяаны уламжлалт эрдэм ухааныг хадгалж, өвлүүлэн уламжлуулах үйл хэргийг түүчээлэх. Үндэсний уламжлалт морин уралдаан бол спорт төдийгүй Монгол үндэстний соёл, ахуй, оюун санааны дархлаа юм. Түүнийг хамгаалах нь хориглох бус, зөв ангилж зохицуулах бодлогоор хэрэгжих учиртай. Хурдан морины босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН "АРВАГАР ХЭЭР" УЯАЧДЫН ХОЛБОО Өвөрхангай аймаг, Арвайхээр хот 2026 оны 2 дугаар сарын 28